Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Цаашид харилцах данс болон хугацаагүй хадгаламжид хүү төлөхгүй байх зохицуулалт үргэлжилнэ"

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголбанкнаас сар тутмын ээлжит мэдээллээ танилцуулсны дараа Монголбанкны удирдлагууд сэтгүүлчдийн асуусан цаг үеийн асуултуудад хариулт өглөө. 

- Ипотекийн зээлийн хүү буурч, зээл ихсэх нь байрны үнэд нөлөөлөх үү?

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: 2020 онд барилгын салбарын уналт саарсан бөгөөд энэ онд энэ салбар сэргэнэ гэж үзэж байна. Барилгын нийлүүлэлт эрэлтээсээ илүү байгаа учраас энэ онд орон сууцны үнэд өөрчлөлт гарахгүй байх.  

Цар тахалтай холбоотойгоор гарсан Цар тахлын эсрэг хууль буюу Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд /түр хууль/ хугацаагүй болон харилцах дансад хүү төлөхгүй байхаар зохицуулалт хийж өгсөн. Харилцах дансанд хүү төлдөггүй жишиг олон улсад ч бий. Харин хугацаагүй хадгаламж гэдэг ойлголт төдийлөн байдаггүй.

Энэхүү түр хуулийн үндсэн хууль болох Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг шинэчлэхээр төслийг УИХ-д өргөн барихаар бэлтгэгдэж байгаа. Уг төсөлд ч мөн адил хугацаагүй хадгаламжид хүү төлөхгүй байх заалт орсон. Өөрөөр хэлбэл цаашид харилцах данс болон хугацаагүй хадгаламжид хүү төлөхгүй байх зохицуулалт үргэлжилнэ.

- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээлийг ямар ААН-үүдэд хэрхэн олгох вэ?

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн зээлийн бүтээгдэхүүн гаргасан. Тодруулбал,

  • ЖДҮХС-ийн журмын дагуу уг зээлийг олгох бөгөөд хүн амын орлогын албан татвар, НДШ төлж буй ААН-үүдэд олгоно. 
  • Нэг ААН-д ₮500 сая хүртэлх зээл олгоно. Зээлийн доод хэмжээг заагаагүй. /ЖДҮХС-д зааснаар/
  • Зээлийг банкаар дамжуулан олгох тул хүсэлтээ банкандаа өгнө. Банкаар дамжуулан олгож байгаа тул тухайн банкны шалгуурыг хангах ёстой. 
  • Нийт зээлийн 60 хувьд нь Зээлийн батлан даалтын сан баталгаа гаргана. 

- 10 их наяд төгрөгийн хөтөлбөртэй холбоотой судалгааны талаар танилцуулахгүй юу?

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа: 10 их наяд төгрөгийн хөтөлбөртэй холбоотойгоор Сангийн яам, Монголбанкны хамтарсан ажлын хэсэг гарч холбогдох тооцоо судалгаагаа хийгээд явж байна.  Дэлгэрэнгүй тайланг гуравдугаар сарын мөнгөний бодлогын хорооны хурал дээр танилцуулах тул тойм мэдээллийг хүргэе.

2021 онд манай эдийн засаг 6.4 хувиар өсөх тооцоог танилцуулсан. Зээлийн өсөлт нь энэ онд 13-15% гэсэн тооцоололтой явж байгаа. Хэрэв ийм хэмжээний зээлийн өсөлт энэ  хэмжээнд хүрэхгүй бол эдийн засаг дунджаар 2.8 хувь руу унах тооцоолол гарсан.  Иймээс зээлийн нийлүүлэлтийг өсгөх, нэн даруй хэрэгжүүлэх шаардлага үүссэн юм. 

Манай улсын эдийн засаг хавар идэвхжиж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, барилга, уул уурхай, ХАА-н компаниудын үйл ажиллагаа идэвхжиж, тэр хэрээр зээл олголт өсдөг учраас тусгай нөхцөлтэй зээл олголтыг олон сувгаар нэмж байна.

БИЧЛЭГ: