Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Гуравдугаар сарын 30-ныг хүртэл экспорт, импортоос бусад хилийн хязгаарлалт хэвээр үргэлжилнэ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Монгол, Хятадын хилийн 756 дугаар багана

Маргаашаас эхлээд бүх хилийн боомтоор ачаа бараа тээвэрлэлт хэвийн хийгдэж эхэлнэ гэдгийг Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг хэллээ.

Тэрбээр "Хоёрдугаар сарын 23-наас экспорт, импорт хэвийн явагдана. Харин зорчигч тээврийн хөдөлгөөн иргэдийг татан авах байдлаар л үргэлжилнэ.

Бусад тохиолдолд гуравдугаар сарын 30-ныг хүртэл улсын хилийг хязгаарласан хэвээр байна" хэмээн сэтгүүчдийн асуултад өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хариулсан юм.

Шадар сайд С.Амарсайхан өмнө нь мөн энэ талаар мэдээлсэн. Тэрбээр "Гуравдугаар сарын 30-ныг хүртэл Монгол Улсын хил гаалийг ачаа бараа бүтээгдэхүүнээс бусдыг хязгаарлах Засгийн газрын тогтоол гарсан. Энэ хугацаанд ачаа барааны оочер дараалал үүссэн асуудал байхгүй болно. Урд хил дээр Хятадын талд ариутгалын бункерийг барьж байгуулахтай холбоотой асуудал байгаагаас тодорхой хязгаарлалттай явж байгаа. Бүтээн байгуулалтын ажил нь удахгүй дуусна гэсэн мэдээлэл бидэнд бий.

Хойд хил буюу Алтанбулагийн боомтоор ачаа тээвэр хэвийн нэвтэрч эхэлсэн. Цаашдаа хилээ хэрхэн нээх, гадаад дотоод зорчилтоо яаж зохион байгуулах нь вакцинжуулалт болон тэдгээртэй холбоотой цаг үеийн эрсдэлийн үнэлгээ, ОУ-ын хил гаалийн дэглэм журамтай уялдуулна. Өнөөдрийн байдлаар БНХАУ гаднаас нислэг авахгүй байгаа. 

Олон орон хил гааль нь хаалттай хэвээр байгаа. Вакцинжуулалтад хамруулаад гадагш, дотогш зорчиж байгаа олон улсын жишгээр ажиллахаар төлөвлөж байгаа" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/850288915517881