Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Орцонд 30 цаг тусгаарлагдсан эмэгтэйн талаар гомдол мэдээлэл Засгийн газар болон ХӨСҮТ-д ирээгүй гэв

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Гадаад улсаас тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлах хугацааг 10 хоног болгон бууруулах шийдвэр маргаашаас эхлэн хэрэгжих гэж байна.

Коронавируст халдварын үед гарсан хүний эрхийн зөрчлүүдэд Засгийн газар хариуцлага хүлээх үү гэдгийг ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид дээрх шийдвэртэй холбогдуулан тодрууллаа. 

- Тусгаарлах хугацааг 10 хоног болгон бууруулж байна. Өмнө нь дэлхийн улс орнуудад дээд тал нь 14 хоног тусгаарлаж байхад манай улс 21 хоног тусгаарлаж байсан. Гэтэл одоо 10 хоног болгон буурууллаа. 21 хоног тусгаарлагдаж, санхүүгийн болоод сэтгэл зүйн хувьд хохирол амссан иргэдийн хохирлыг Засгийн газар барагдуулах уу?

А.Амбасэлмаа: Халдварын нууц үеийн хугацаа 14 хоног гэж үзээд 10 хоногт нь ажиглан тусгаарлах байранд байлгаж, 4 хоног гэрийн ажиглалтад байна. Коронавирусийн халдвар шинэ. Уг халдварын нөхцөл байдал бүрэн судлагдаагүй байсан учраас ДЭМБ-ын зөвлөмжөөс гадна өөрийн улс орны нөхцөлд тохирсон хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байсан.

2020 оны нэгдүгээр сард БНХАУ-д шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин гарсан талаар мэдээллийг авснаас хойш 22 удаагийн эрсдэлийн үнэлгээг хийж, түүнд үндэслэн хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн. Манай улсын хувьд гуравдугаар сарын 10-нд анхны зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол бүртгэгдсэн. Тухайн үед халдварын нууц үеийн хугацаа 18-25 хоног байж магадгүй гэсэн мэдээлэл гарч байсныг та бүхэн санаж байгаа байх. 21 хоног тусгаарлах хугацаанд 3 удаагийн шинжилгээ авч байсан бөгөөд 18, 19 дэх хоног дээр халдвар илэрч байсан тохиолдлууд бий. Тухайн үеийн хариу арга хэмжээ оновчтой байсан учраас 10 сар халдварыг дотооддоо алдалгүй явж чадсан. 

Ц.Ганзориг: Хэрвээ 2020 оны эхний улиралд халдврыг дотооддоо алдсан бол Та бид нэг жилийн турш сүүлийн гурван сарын хугацаанд байгаа шигээ нөхцөл байдалд байх байсан. Монгол Улсын эдийн засгийн чадамж, эрүүл мэндийн салбарын тогтолцоо ямар билээ, энэ бүхнийг тооцоолбол өрхүүдийн амьжиргаа өнөөдөр төсөөлөхөд хүнд бэрх байх байсан.

Дэлхий дахинд халдварын эсрэг арга хэмжээ өдөр хоногоор өөрчлөгдөж, дархлаажуулалт эхлээд явж байгаа энэ үед бид аль болох уян хатан, хүний эрхийг хангасан байх талаас нь харж шийдвэрлэж байгаа. Эргэж буцаад, өмнөхөө үгүйсгээд байгаа юм биш гэдгийг ойлгоорой. 

- 21 хоног тусгаарлагдаж цаг хугацаа, санхүүгээрээ хохирсон иргэдэд Засгийн газраас нөхөн төлбөр олгох уу?

Ц.Ганзориг: Одоогоор хохирол барагдуулах санал гомдолтой асуудлыг Засгийн газар болон УОК хэлэлцээгүй байна.

- 2021 оны нэгдүгээр сард орон сууц худалдан авахаар үзэж явсан эмэгтэй тухайн байранд халдвар гарсан гэх шалтгаанаар орцонд 30 цаг байсан. Халдвар гарсан гэсэн учраас тухайн эмэгтэйг айлууд оруулаагүй. Ингээд ариун цэврийн өрөө орж чадахгүй, хоолгүй 30 цаг хоригдсон. Энэ мэт хүнлэг бус үйлдэлд хэн хариуцлага хүлээх вэ. өмнөх Засгийн газар хүнлэг байгаагүй гэх шалтгаанаар огцорсны дараа энэ хүнлэг бус байдал байж л байсан. Тухайн эмэгтэйн хувьд холбогдох албаныхан руу залгахаар утсаа авахгүй байсан гэдгийг хэлсэн. Үүнийг Засгийн газар мэдэж байгаа юу?

А.Амбасэлмаа: Энэ тухай мэдээлэл бидэнд ирээгүй. Бидэнд хандаагүй. Энэ асуудлыг судлаад, шалтгааныг нь олоод хариу өгье. Халдвар батлагдсан үед ХӨСҮТ батлагдсан тохиолдлоо аваад, ойрын хавьтлуудыг нь тусгаарлаад, хоёр дахь хавьтлуудад НЭМГ тандалт хийгээд, шинжилгээ аваад ажиллаж байгаа. Энэ явцад иймэрхүү асуудал гарсан байж болзошгүй юм байна. Судлаад танд хариу өгье. 

Ц.Ганзориг: Засгийн газарт үүнтэй холбоотой өргөдөл гомдол ирээгүй. Олон нийттэй харилцаж байгаа надад өдөрт дунджаар 200 орчим асуулт, санал хүсэлт, гомдол ирдэг. Нэгдүгээр сарын 29-нд байр үзэж яваад орцонд тусгаарлагдсан гэсэн гомдол ирээгүй. Асууж лавлая. Хаана алдаа гарсныг шалгая.

Тухайн иргэний хувьд нэгдүгээр сарын 29-ний 14:00 цагаас 30-ны өдрийн 20:00 цаг хүртэл 30 цаг орцонд байсан бөгөөд холбогдох албаныхантай холбогдож чадаагүй. Өөрийгөө олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил гаргахгүйг хүссэн тул тухайн үедээ чимээгүй өнгөрсөн гээд NTV телевизед хандсан болохыг сэтгүүлч төгсгөлд нь хэлэв. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.02.18/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/272518090983281