Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Мөнхтүшиг: Тусгаарлах хугацааг 10 хоног болгох шийдвэр маргаашаас хэрэгжинэ

Г.Номин, iKon.mn
2021 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Гадаадад байгаа манай улсын иргэдээс хэчнээн хүн халдварт өртөөд байгаа вэ, эндэгдэл бий юу?

- Гадаад улсад байгаа иргэд ЭСЯ-аар дамжуулан халдвар авснаа мэдэгдсэн тохиолдол 50 хүрэхгүй байгаа. Энэ нь өнгөрсөн жил гаруйн хугацаан дахь тоо. Иргэд энэ мэдээллээ төдийлөн ЭСЯ-нд өгдөггүй. ЭСЯ-аар дамжуулан мэдэгдсэн хүмүүсийн дунд гадаад улсуудад байгаа ЭСЯ-уудад ажилладаг 33 хүн бий.

Өнөөдрийн байдлаар КОВИД-19-ийн оношоор нас барсан гэсэн албан ёсны мэдээлэл байхгүй. Өнгөрсөн оны хоёрдугаар сард БНСУ-д халдвартай нэг иргэн нас барсан. Гэхдээ нас барсан шалтгаан онош нь өөр хүнд өвчин байсан. Гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдийг вакцинд хамруулах асуудал нь тухайн улсын Засгийн газраас гаргасан төлөвлөгөөний дагуу явж байгаа. Улс орон бүрт төлөвлөлт нь харилцан адилгүй байна. Ихэнх улс орнуудын хувьд 2021 оны дөрөвдүгээр улирал гэхэд тухайн улсын иргэд болон оршин сууж буй нийт хүн амыг вакцин хамруулах төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа.

- Гадаад улсууд руу явах иргэд заавал вакцин хийлгэсэн байх шаардлагатай юу, улс орнууд ер нь ямар нөхцөл шаардлага тавьж байна вэ?

- Гадаад явах иргэд вакцинд хамрагдах эсэх нь нөгөө улсын зүгээс тавьж байгаа шаардлагатай шууд холбоотой байдаг. Бид энэ мэдээллийг гадаад улсуудад суугаа ЭСЯ-уудаар дамжуулж аваад, гадаад явах боломжтой иргэддээ мэдээллийг хүргэж байгаа. Үүнтэй холбоотойгоор тусгай үүргийн нислэгээр гадаад явах иргэдийг ХӨСҮТ-д шинжилгээ өгүүлэх ажилд дэмжлэг үзүүлж ажилласаар ирсэн. Цаашдаа ч үргэлжлүүлэн ажиллана. 

Дийлэнх улс оронд вакцинд хамрагдах ажил анхан шатандаа явж байгаа. Тийм учраас улс орнуудын хувьд хилээрээ вакцинтай иргэдийг хэрхэн нэвтрүүлэх, ирснийх нь дараа тусгаарлах уу гээд нөхцөлөө ярилцаж, вакцины пасспортын асуудал мөн яригдаж байгаа. Тиймээс ГХЯ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн вакцины пасспортыг нэвтрүүлж, иргэдийг зорчих нөхцөлийг хангах асуудлаар ажиллаж байна. 

Энэ ажил дэлхий дахинд шинэ учраас нэгдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн журам гараагүй байгаа. Манай улсын хувьд гадаад улсаас бүрэн тун авсан буюу 2 удаагийн вакцин хийлгэсэн хүнийг 14 хоног нь өнгөрөөд дархлаа тогтсоны дараа Монгол Улсад нэвтрүүлж, нэвтрүүлснийхээ дараа 7 хоног гэрт нь ажиглах журмын төсөл явж байгаа. 

- Тусгаарлах хоногийн тоог цөөрүүлж байгаа шийдвэр хэзээнээс хэрэгжих вэ?

- Тусгаарлах хугацааг 10 хоног болгох шийдвэр маргаашаас хэрэгжиж эхэлнэ. Хоёрдугаар сарын 19, 24, 26-нд тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг 10 хоног тусгаарлана гэж ойлгож болно. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.02.18/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/272518090983281