Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Японы Окинава Music Lane Festival-д Playtime наадмаас монгол хамтлагууд анх удаа оролцоно

ikon.mn
2021 оны 2 сарын 17
iKon.MN

Өнөө цагийн Монголын хөгжмийн салбарын өнгө төрхийг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулсан PLAYTIME наадмын 20 жилийн ой энэ жил тохиож байна. 20 жилийн босгон дээрээ PLAYTIME наадам дараагийн нэгэн цоо шинэ хуудсыг нээв. PLAYTIME  орчин үеийн хөгжмийн урлагаар дамжуулан Улаанбаатар хотыг Азийн тэргүүлэх хөгжмийн аялал жуулчлалын хот болгох, 2027 онд Азийн тэргүүлэх топ 5 хөгжмийн фестивалийн нэгт багтах зэрэг томоохон зорилго зорилтуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн монгол уран бүтээлчдийг олон улсад таниулан сурталчлах, олон улсын фестивалиудад оролцуулах  ажлыг эхлүүлжээ.

 

Үүний эхлэл болж  PLAYTIME наадам Music Lane Festival Оkinawa-тай 2021 оноос хамтран ажиллахаар болов. Энэ сарын 20, 21нд зохион байгуулагдах уг хөгжмийн фестивальд Монголоос 4 хамтлаг буюу Нисванис, Моханик, The Colors, Magnolian өөрсдийн уран бүтээлээ хүргэнээ.  Trans Asia Music Meeting (ТАММ) хөгжмийн олон улсын уулзалтын хамтын ажиллагааны хүрээнд сонгогдсон Япон, Тайланд, Moнгол, Сингапур, Өмнөд Солонгос, Малайз, Филлипин, Индонез зэрэг Aзийн 8 улс орноос нийт 74 хамтлаг оролцох  уг фестиваль  урьдчилж бичсэн тоглолтын видеог үзэгчидтэй зааланд зохион байгуулан,  видео бичлэг амьд тоглолтуудтыг олон улс оронд онлайнаар шууд үнэ төлбөргүй хүрэх юм.  Music Lane Festival Оkinawa 2021-д Японы  Shonen Khife, Sunny Day Service, Takako Tate болон алдартай панк рок гурвал Eastern Youth зэрэг хамтлагууд оролцох аж.

 

PLAYTIME наадмын Монголын уран бүтээлчдийг таниулан сурталчлан олон улсын фестивалиудад оролцуулах ажил урьд өмнө ч зорилго зорилтуудынх нь нэг байсан. Үүнээс өмнө 2019 оны гуравдугаар сард Austin хотод болсон South By Southwest (SXSW 2019) наадамд  Mongolian night анх удаа зохион байгуулж  The Lemons, The Colors, Magnolian оролцож байв. Түүнчлэн PLAYTIME  наадам Голландын Eurosonic Noorderslag, БНСУ-ын Zandari Festa, Тайваний LucFest, БНХАУ-ын Sound of The Xity, Тайландын Music City Bangkok зэрэг олон улсын фестивалиудтай хамтран ажилладаг байна.  

 

 

Монголын хамгийн том, хамгийн олон жил тасралтгүй зохион байгуулагдаж буй уг хөгжмийн фестиваль зөвхөн хөгжмийн салбар төдийгүй тус наадам төвтэй бусад урлаг соёлын арга хэмжээ, үзвэр, үйлчилгээ, залуусын амьдралын хэв маягт эерэгээр нөлөөлж буй. Цаашлаад хамтрагчид болох бизнесийн болоод бусад салбарын түншүүдэд хөгжмийг даган бий болох хөгжлийн боломжийг нээн таниулан, хөгжимд хандах хандлагыг нэг шатаар ахиулсан билээ.

 

Уг наадмын 20 жилийн хугацаанд уран бүтээлч, үзэгч сонсогч, хамтрагчиддаа үзүүлсэн олон талт ач холбогдлын цар хүрээгээр дүгнэвэл хөгжмийн фестиваль гэдэг зөвхөн хөгжмийн салбарын тухай биш хөгжим төвтэй соёл урлаг, боловсрол, эдийн засгийг холбосон хөгжил ба инноваци юм гэдгийг баталж буй. Олон хамтлаг дуучид энэ наадмаар дамжуулан үзэгч сонсогчдод танигдан, зарим нь энэхүү наадамд оролцох гэж үүсгэн байгуулагдаж,  уран бүтээл тууриван,  улам чадваржиж ирснээс гадна  араасаа  олон шинэ сэтгэл хөдөлгөм хөгжмийн наадмуудыг дагуулсан юм. Бүтээлч салбарт ажиллаж буй бүх хүний хувьд энэхүү наадамд оролцох нь өөрсдийгөө дахин таниулах ач холбогдолтой бол хамтрагч түншүүдийн хувьд их хотын залууст бодитоор хүрч ажиллах таатай нөхцөл болдог. 

Өнгөрөгч 19 жилийн хугацаанд PLAYTIME наадмыг 91,525 хүн давхардсан тоогоор үзэж, олон жуулчид зорин ирж, 20 улс орны 781 хамтлаг, уран бүтээлчид оролцсоны 20 хувь нь дэлхийн  нэр хүндтэй хамтлагууд байна. Үүнээс дурдвал  Японы алдарт Mono, The Fin, Envy, домогт Peter Hook,  Yo La Tengo, Ariel Pink, The Pains of Being Pure at Heart, The Wedding Present, The Radio Dept, Sunset Rollercoaster, Мумий Тролль зэрэг дэлхийд танигдсан олон гайхалтай хамтлаг дуучдыг нэрлэж болох юм. Жилээс жилд хүрэлцэн ирэх гадаадын зочин хамтлагийн чанар чансаа, тоо нэмэгдэж, дотоодын олон урсгалын уран бүтээлчид оролцож байгаа зэрэг амжилтыг энд дурдах нь илүүц бизээ.

 

Тэгвэл 2021 оны 7-р сарын 16, 17, 18-ны өдрүүдэд Монгол Шилтгээнд тэмдэглэх 20 жилийн ойд 100 гаруй хамтлаг, уран бүтээлчид 10 тайзнаас өөрсдийн уран бүтээлээ 50,000 гаруй үзэгчдэд хүргэхээр төлөвлөж байгаа аж. Наадмын үзэгчид сэтгэл догдлон хүлээдэг зүйл бол тухайн жилийн онцлох гадаадын болон дотоодын зочин хамтлаг дуучдын нэр билээ. Тэгвэл энэ жил дэлхийд алдартай хамтлагууд тайзнаа тоглох бол  Монголын домогт Соёл-Эрдэнэ хамтлаг 50 жилийн ой тоглолтоо толилуулах нь. Мөн Ногоон Наадам (Green Festival) болох зорилтыг 20 жилийн ойгоороо эхлүүлэн ногоон хөгжлийн үзэл баримтлалыг таниулан сурталчлах олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх ажээ.

 

 

Бичсэн: Д.Оюунномин