Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д COVID-19-ийн хоёр тун вакцин хийлгээд 14 хоносон хүнийг хавьтал болсон ч карантинд оруулахгүй байхаар болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл коронавируст халдварын эсрэг вакцины талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын эсрэг вакциныг дэлхийн 75 улс оронд нийтдээ 154 сая хүн хийлгээд байна. Энэ нь өдөрт дунджаар 5.64 сая хүн коронавирусийн эсрэг вакцин хийлгэж байна гэсэн үг юм.

Өөрөөр хэлбэл, гурав хоногийн өмнөөс дэлхий дахинд коранавирусийн халдвар авсан хүний тооноос вакцин хийлгэсэн хүний тоо илүү гараад байгаа.

Ийнхүү дэлхий дахинд вакцины хамралт нэмэгдсээр байгаатай холбоотойгоор эрдэмтэд судалгаа хийж байна.

Тухайлбал, АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн хийсэн судалгааны үр дүнд коронавирусийн эсрэг вакцины бүрэн тун буюу хоёр тунд хамрагдсан хүн халдвартай хүнтэй хавьтал болсон тохиолдолд карантинд оруулахгүй байхаар шийдвэрлэжээ.

Ингэхдээ хоёр дахь тунд хамрагдсаны дараа 14 хоносон байх шаардлагатай юм байна.

Гэхдээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс хэдийгээр хоёр тун вакцин хийлгэсэн ч халдвараас сэргийлэх арга хэмжээг авч, тодорхой хөл хорионы дэглэмд байх ёстой гэж үзжээ.

Мөн АНУ-д 20,000 орчим жирэмсэн эмэгтэй коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаад байгаа бөгөөд одоогоор ямар нэг онцтой урвал хүндрэл гараагүй, үр дүнтэй байна" гэв.

ВИДЕО: /Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой/

https://www.facebook.com/iKonNews/videos/3748977641804276

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.