Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Лхагвасүрэн: Хэнэггүй, хариуцлагагүй хандвал гурван сая хүнтэй ард түмэн цар тахлын өмнө мөхөстөнө

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол түмний уламжлалт Цагаан сарын баяр мөдхөн тохиох гэж байна. Үүнтэй холбогдуулан иргэдийн зорчилт хөдөлгөөнийг бууруулж, цар тахлын халдварын тархалтыг хумих зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын 11-ний 06:00 цагаас эхлэн хоёрдугаар сарын 23-ны 06:00 цаг хүртэл Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэргийг тогтоохоор шийдвэрлэсэн. Энэ хугацаанд иргэн бүр хариуцлагатай байж, хөл хорионы дэглэмийг ёсчлон баримтлахыг УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, академич Ц.Лхагвасүрэн уриаллаа.

 
Эх сурвалж: ЭМЯ

Улсын Онцгой комиссын Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, академич Ц.Лхагвасүрэн "Бид цаг хугацааны хувьд том сорилтод тулж ирээд байна.

Нэгдүгээрт, нийт хүн амын талаас илүү хувь нь амьдардаг нийслэл хотод голомтолсон халдвар нэлээд газар авч байна. Өдөр бүрийн статистик мэдээг сонсоход буурахгүй, динамик өсөх хандлагатай байгаа.

Хоёрдугаарт, вакцинжуулалтын асуудал яригдаж байгаа ч энэ нь тодорхой цаг хугацаа авна.

Вакцин ирчих л юм бол халдварын ард гарна гэсэн сэтгэл зүйтэй байж болохгүй. Дархлаажуулалт том арга хэмжээ. Гэхдээ үүнээс чухал нь иргэдийн хариуцлага, оролцоо юм.

Гуравдугаарт, монгол түмний уламжлалт Сар шинийн баяр тохиох гэж байна. Уламжлалаа харвал баяраар хөл хөдөлгөөн ихсэж, золгохоос эхлээд халдвар тархах өндөр эрсдэл үүсдэг тул иргэд хариуцлагатай байхыг хүсэж байна. Халдварын тархалтын энэ цаг үеийг иргэн бүрийн оролцоотойгоор амжилттай даван туулна. 

Өнгөрсөн хөл хорионы үед бид иргэдээсээ өндөр хүлээлттэй байсан. Иргэд хөл хорионы дүрмээ ёсчлон биелүүлбэл тархалт хэдэн хувиар буурах тухай тооцоолж, итгэж хүлээж байсан боловч хүсэж байсан үр дүндээ төдийлөн хүрч чадаагүй.

Одоогоос 150 жилийн өмнө Европт тарваган тахал өвчний цар тахал дэгдэж, 200 орчим сая хүн нас барсан эмгэнэлт түүх бий. Монголчууд маань хэнэггүй байна. Европынхон тарваганаас ихэд эмээдэг. Гэтэл манай монголчууд тарвага агнаж, хотдоо авчирч наймаалдаг явдал гарсаар байдаг. 

Үүн шигээ хэнэггүй, хариуцлагагүй хандвал гурван сая хүнтэй ард түмэн цар тахлын өмнө мөхөстөнө. Хөл хорионы үед иргэдийн төлөө, өөрсдийнхөө төлөө, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, эдийн засгийн хүчтэй, чадавхтай байхын төлөө туйлын хариуцлагатай байхыг хүсэж байна. Хөл хорионы дэглэмийг ёсчлон сахиж чадвар тодорхой хугацааны дараа үр дүнг нь амьдрал дээр үзэх юм" гэлээ. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/www.moh.gov.mn/videos/222917762848819