Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын сангийн сайд GameStop-ийн хувьцааны хэлбэлзлийн асуудлаар хурал зарлажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын сангийн сайд Жанет Йеллэн тус улсын санхүүгийн зохицуулах байгууллагуудын удирдлагуудтай энэ долоо хоногт уулзаж, саяхан хөрөнгийн зах зээлд гарсан эрсдэлтэй үзэгдлийн талаар хэлэлцэхээр болжээ.

Reddit сошиал сайтын WallStreetBets группийн жижиг арилжаачид Америкийн санхүүгийн ертөнцийн том мэргэжилтнүүдтэй “дайн” хийсэн нь хөрөнгийн зах зээлд хүчтэй хэлбэлзэл үүсгэсэн юм. Уолстритийн томоохон хөрөнгө оруулалтын сангууд үйл ажиллагаа нь доголдож, хувьцааны үнэ нь унах төлөвтэй байгаа компаниудыг онилж, “short sell” хэмээх бооцоог тавьдаг.

Энэ нь хувьцааны үнэ унахад ашиг олох механизм юм. Тодруулбал, тэд брокероос тухайн компанийн хувьцааг зээлээр авч зараад ханш унасных нь дараа худалдан аваад буцааж төлөх замаар ашиг олдог байна. 

Тэгвэл Reddit-ийн жижиг арилжаачид нэгдсэн зохион байгуулалттайгаар Уолстритийн том сангуудын эсрэг ажиллагаа явуулсан юм.

Тэд үйл ажиллагаа нь доголдоод байгаа компьютер тоглоомын дэлгүүрийн сүлжээ GameStop-ийн хувьцааг бөөнөөрөө худалдан авч, зориуд ханшийг нь хөөргөсөн байна. Ингэснээр ханш унахад бооцоо тавиад байсан хөрөнгө оруулалтын сангууд ихээхэн алдагдал хүлээсэн юм. GameStop нь компьютер тоглоомын диск, консол, тоног төхөөрөмж зэргийг физик дэлгүүрээр борлуулдаг компани бөгөөд ихэнх тоглоомууд онлайн орчинд шилжиж, хөл хорионы үед дэлгүүрт очих хүний тоо багассанаас санхүүгийн хувьд хүнд байдалд ороод байгаа.

Энэхүү ажиллагааны үр дүнд оны эхээр $17 орчим үнэтэй байсан GameStop-ийн хувьцааны үнэ өнгөрсөн долоо хоногт $347 хүрсэн байна. Reddit-ийн арилжаачдын гол хэрэглэдэг Robinhood онлайн брокерын үйлчилгээ GameStop-ийн хувьцааг худалдаж авахыг хориглосноор хөөс хагарсан ч өнөөдрийн байдлаар нэгж хувьцаа нь $90-ын үнэтэй хэвээр байна.

Улмаар Reddit-ийн арми цар тахлын хөл хорионы улмаас санхүүгийн гүн хямралд ороод байгаа кинотеатрын сүлжээ AMC-гийн хувьцааг мөн ийм аргаар хөөргөдсөн юм. Тэд зөвхөн хувьцааны зах зээлд хязгаарлагдсангүй, үнэт металлын зах зээл рүү ч орсон байж магадгүй байна. Тухайлбал нэг унц мөнгөний (silver) ханш Даваа гарагт сүүлийн найман жилийнхээ дээд хэмжээнд хүрсэн нь Reddit-ийн армийнхантай холбоотой гэж зарим судлаачид үзэж байна.

Хөрөнгийн зах зээл дээр өрнөж буй энэ үзэгдэл АНУ-ын эрх баригчдын анхаарлыг татаж, Robinhood компанийн гүйцэтгэх захирал Влад Тенев энэ сарын дундуур конгрессийн санхүүгийн үйлчилгээний байнгын хорооны сонсголд оролцож, хууль тогтоогчдод мэдээлэл өгөхөөр болсон юм.

Америкийн зарим улс төрчид Robinhood компани GameStop-ийн хувьцааны арилжаанд хязгаарлалт тавьсан нь хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хөндсөн хэрэг гэж үзэж байгаа. Энэ шийдвэрийн улмаас алдагдал хүлээсэн зарим арилжаачид тус компанийг шүүхэд өгөөд байна.

 

Эх сурвалж: Reuters, CNN