Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Орос даяар хоёр дахь эсэргүүцлийн жагсаал болж, 4,700 орчим хүн баривчлагдав

Т.Давааням, ikon.mn
2021 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйг суллахыг шаардсан хоёр дахь эсэргүүцлийн жагсаал Оросын олон хотод болж өнгөрлөө.

Эхний жагсаал өмнөх долоо хоногийн Бямба гарагт болж байсан юм. Хоёр дахь жагсаалыг газар авхуулахгүйн тул эрх баригчид хотуудын төв гудамж, талбай, метроны гол өртөөнүүдийг урьдчилж хаах арга хэмжээ авсан байна.

Үүний үр дүнд хоёр дахь жагсаал нь эхний жагсаалтай харьцуулахад харьцангуй цөөн хүний оролцоотой болжээ. Эхний жагсаалын дараа 4,000 орчим тэмцэгчийг баривчилж, хорьсон нь үүнд бас нөлөөлсөн бололтой.

Өчигдөр Орос даяар нийтдээ 4,700 орчим хүнийг баривчилсан тухай OVD-Info дэлхий даяарх эсэргүүцлийн арга хэмжээнүүдийг ажиглах вэбсайтад мэдээлсэн байна.

Энэ удаа тэмцэгчдэд нэгдэх боломж бага байсан тул эсэргүүцлийн арга хэмжээнүүд хотын захын гудамжуудаар тархжээ.

Бороохой, нулимс асгаруулагч хийгээр зэвсэглэсэн цагдаа нар тэднийг хөөн тарааж, бөөнөөр баривчлах арга хэмжээ авсан юм. Энэ үеэр нийслэл Москва хотод нэг тэмцэгч өөрийгөө шатааж, эмнэлэгт хүргэгдсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Ням гарагт болж өнгөрсөн эсэргүүцлийн жагсаалтай холбогдуулан мэдэгдэл гаргажээ.

“Оросын эрх баригчид хоёр долоо хоног дараалан тайван жагсагчид, сэтгүүлчдийн эсрэг хатуу харгис арга хэмжээ авч буйд АНУ харамсаж байна. Хүний эрхийг хүндлэх үүднээс Алексей Навальный тэргүүтэй хоригдож буй хүмүүсийг суллахыг бид дахин уриалж байна” гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений мэдэгдэлд өгүүлсэн байна.

Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррел мөн тайван жагсагчдын эсрэг хүч хэрэглэж, олон мянган хүнийг баривчилсан явдалд харамслаа илэрхийлжээ.

Мягмар гарагт Навальныйн шүүх хурал болох ба хэрвээ түүнд хорих ял оноовол жагсаал тэмцэл дахин өрнөж магадгүй байна.

2013 онд болсон эсэргүүцлийн жагсаалын үр дүнд Навальныйд оноосон хорих ялыг цуцлуулж байжээ. Гэхдээ энэ удаа Кремлийн эрх баригчид дотоодын эсэргүүцэл болон олон улсын шахалтыг үл хайхран Навальныйг шоронд хорьж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

 

Эх сурвалж: The Guardian, Russia Today