Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

J&J компанийн бүтээсэн коронавирусийн эсрэг вакцин нэг тунгаар 66 хувийн үр дүнтэй дархлаа тогтооно

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Johnson & Johnson компанийн бүтээсэн коронавирусийн эсрэг вакцины нэг тунгаар 66 хувийн үр дүнтэй дархлаа тогтдог нь туршилтаар батлагдсаныг өчигдөр зарлажээ.

Дэлхийн хэд хэдэн оронд явуулсан туршилтад 44,000 орчим хүн оролцсоноос АНУ-ын туршилт 72 хувь, Латин Америкийн орнуудын туршилт 66 хувь, Өмнөд Африкийн туршилт 57 хувийн үр дүнтэй гарсан байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага вакцины туршилтын үр дүн хамгийн багадаа 50 хувьтай байх шаардлага тавьдаг.

Коронавирусийн мутацлагдсан шинэ хувилбар тархсан Өмнөд Африкт харьцангуй бага үзүүлэлттэй гарсан ч вирусийн тархалтыг зогсоох хангалттай чадвартай гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.

J&J компанийн ерсөлдөгч Pfizer/BioNTech, Moderna компаниудын вакцины амжилтын хувь 95 орчим байгаа. Гэхдээ эдгээр вакцинууд хоёр тунгийн дараа ийм үр дүнд хүрдэг юм.

Хүн амыг богино хугацаанд дархлаажуулж, цар тахлын хүрээг хумихад J&J компанийн нэг тунтай вакцин чухал үүрэгтэй гэж ажиглагчид үзэж байна.

Өнөөдөр дэлхийн 37 улсад коронавирусийн өвчлөл хурдтай нэмэгдэж, нийт 101 сая орчим хүн халдвар аваад байгаа.

Вирусийг мутацлагдаж, илүү олон хувилбартай болохоос нь өмнө дарахын тулд вакцинжуулалтыг богино хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатайг АНУ-ын халдварт өвчин судлалын гол мэргэжилтэн Энтони Фаучи саяхан анхааруулсан юм.

J&J компани ирэх долоо хоногт АНУ-ын засгийн газраас зөвшөөрөл авахаар хандах бол дараа нь Европын Холбоо болон дэлхийн бусад улс орнуудад хандахаар болжээ.

Тус компанийн вакцины туршилт дэлхийн найман улсад зохион байгуулагдсанаас нийт оролцогчдын 44 хувь нь АНУ, 41 хувь нь Төв болон Өмнөд Америкийн орнууд, 15 хувь нь Өмнөд Африкт оногдож байна. Нийт оролцогчдын гуравны нэг орчим нь 60-аас дээш наснхыхан байжээ.

 

Эх сурвалж: Reuters