Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэг улсад коронавирусийн халдварын шинэ тохиолдлын тоо огцом буурчээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 12,000 орчим шинэ тохиолдол бүртгэгдсэнийг Энэтхэгийн эрүүл мэндийн яам өчигдөр мэдээлжээ.

Өнгөрсөн оны есдүгээр сард өдөрт 90,000 тохиолдол бүртгэгдэж байсантай харьцуулбал энэ нь эрс буурсан үзүүлэлт юм. Коронавирусийн тархалтыг амжилттай хязгаарлаж, хяналтдаа оруулж чадсаныг Энэтхэгийн эрүүл мэндийн сайд Харш Вардхан өчигдөр мэдэгджээ.

Гэсэн хэдий ч тус улс нийт 10.7 сая халдварын батлагдсан тохиолдолтойгоор дэлхийд АНУ-ын дараа хоёрт бичигдэж байгаа юм.

Сүүлийн хоёр сарын хугацаанд нэг өдөрт илэрдэг халдварын тохиолдлын тоо эрс буурсан тул энэтхэгчүүдийн амьдрал хэвийн горимд бага багаар шилжиж эхэлжээ.

Одоо тус улс даяар ресторан, баар, дэлгүүр, худалдааны төвүүд хэвийн ажиллаж, хүн амын дотоод шилжилт хөдөлгөөн идэвхжиж, шашны баяр наадмууд хэвийн зохион байгуулагдаж байна.

Харин гадаад нислэгүүд нь зөвхөн бизнес аялагчдад үйлчилж, сургуулиуд нь хагас нээгдээд байгаа юм.

Нийслэл Дели хотын Рам Манохар Лохиа эмнэлгийн ерөнхий эмч Нирмаля Мохапатра эмнэлгийнх нь Covid-19 өвчтөнүүдэд зориулсан тасаг дөрөвдүгээр сараас хойш анх удаа хоосорсныг мэдээлжээ.

 “Гэхдээ энэ вирус бидний огт төсөөлж байгаагүй хэлбэрээр идэвхжих магадлалтай тул санаа амрах ёсгүй. Дараагийн ээлжийн дэгдэлтэд бид бэлэн байх ёстой. Энэ нь шуурганы өмнөх нам гүм байдал байх магадлалтай” гэж тэр ярьсан байна.

Нийслэл Дели хот зэрэг хүн ам шигүү суудаг газруудад хийсэн саяхны тандалтаар хүн амын 50-60 хувьд коронавирусийн эсрэг биет үүссэн байж болзошгүйг тогтоожээ.

Эндээс харвал Энэтхэг улсын хүн амд сүргийн дархлаа тогтсон байх боломжтой гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байна.

Хүн амын 60-70 хувьд сүргийн дархлаа тогтвол вирус тархах боломжгүй болдог гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага үздэг юм.

 

Эх сурвалж: The Guardian