Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Германы мэргэжилтнүүд AstraZeneca вакциныг 65 хүртэл насныханд тарихыг зөвлөжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Герман улсын мэргэжилтнүүд Швед-Британийн AstraZeneca компанийн бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг 65 хүртэл насныхны дархлаажуулалтад ашиглах зөвлөмж гаргаснаа өчигдөр зарлажээ.

Уг вакцины туршилтад хангалттай тооны өндөр настнуудыг оролцуулаагүй тул тэдэнд аюулгүй гэх баталгаа дутмаг гэсэн шалтгаанаар ийм хязгаарлалт тавихыг зөвлөсөн байна.

Европын эрүүл мэндийн агентлаг AstraZeneca-гийн вакциныг Европын Холбооны гишүүн орнуудад ашиглах зөвшөөрлийг өнөөдөр буюу Баасан гарагт олгох төлөвлөгөөтэй байгаа юм. Энэ шийдвэр нь Германы засгийн газрын эцсийн шийдвэрт нөлөөлнө.

Одоогоор Их Британи улс тус компанийн вакциныг хүн амынхаа дархлаажуулалтад ямар нэг насны хязгаарлалтгүй ашиглаж байгаа бөгөөд үр дүн сайтай, аюулгүй байгааг эрүүл мэндийн байгууллагууд нь мэдээлжээ.

Гэвч AstraZeneca компанийн Нидерланд, Бельги дэх үйлдвэрүүдэд саатал гарснаас эхний улиралд Европын Холбоонд нийлүүлэх вакцины тоо хэмжээ төлөвлөж байснаас буурахаар болсон байна.

Харин Их Британи дахь хоёр үйлдвэр нь хэвийн ажиллаж байгаа юм. Европын Холбооны удирдлагууд AstraZeneca компанийн төлөөлөгчидтэй Лхагва гарагт уулзахдаа дутагдаж байгаа вакциныг Британи дахь үйлдвэрээсээ нөхөж нийлүүлэхийг шаардсан байна.

Герман улсын вакцины хараат бус зөвлөл “Одоогоор 65-аас дээш насныханд дархлаа тогтоож буйг батлах хангалттай тоо баримт байхгүй байгаа тул AstraZeneca-гийн вакциныг 18-65 насныханд хэрэглэвэл зохимжтой” гэсэн дүгнэлтийг засгийн газартаа өгчээ.

Харин Их Британийн нийтийн эрүүл мэндийн газрын дархлаажуулалт хариуцсан захирал, доктор Мэри Рамзай хэлэхдээ AstraZeneca болон Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн хоёр вакцин нь хоёул коронавирусийн эсрэг өндөр түвшний дархлаа тогтоож байгааг баталсан байна.

“Хэдийгээр туршилтанд нь цөөн тооны өндөр настан оролцсон ч дархлаа тогтоох чадвар тун сайн болох нь харагдсан” гэж тэр хэлжээ.

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон мөн Германы мэргэжилтнүүдийн зөвлөмжийг сонсоод санаа зовохгүй байгаагаа мэдэгдээд AstraZeneca-гийн вакцин бүх насныханд дархлаа тогтоох чадвартайг мэргэжилтнүүд нь дүгнэснийг хэлсэн байна.

 

Эх сурвалж: BBC