Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

О.Батбаяр: Гадаадын тусламжийг завших зэрэг авлигын гэмт хэргүүд КОВИД-19-ийн үед ихээр гарч байна. Энэ асуудал манай улстай шууд холбоотой

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Берлинд төвтэй олон улсын “Транспаренси Интернэшнл" байгууллагаас 2020 оны “Авлигын төсөөллийн индекс”-ийг өнөөдөр танилцуулсан билээ.

2020 оны авлигын индексээр Монгол Улс 111-т бичигдэж, зургаан байраар ухарчээ. 

Өнгөрсөн жилийн авлигын төсөөллийн индексийн дүнгээс харвал авлига КОВИД-19-ийн эсрэг арга хэмжээг үр дүнгүй болгож, дэлхий даяарх цар тахлын эсрэг тэмцэл удааширч буйг тус байгууллагаас хэлсэн бөгөөд авлигын индексийн оноо сүүлийн 4-5 жил өсөхгүй, зогсонги байдалд орчихсон улс орнуудын тоонд Монгол Улс багтжээ. 

"Транспэрэнси Интернэшнл" ТББ-ын ТУЗ-ийн дарга Л.Төр-Од, гүйцэтгэх захирал О.Батбаяр нарын өгсөн мэдээллийг хүргэж байна. 

"Авлига өндөр орнууд эрүүл мэндийн салбартаа маш бага хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг"
 
Гэрэл зургийг MPA.mn

"Транспэрэнси Интернэшнл-Монгол" ТББ-ын гүйцэтгэх захирал О.Батбаяр “Авлигын индексийн оноо бага  байх тусам тухайн улс орнуудад хавдар, зүрх судас болон амьсгалын замын шалтгаант нас баралт өндөр гарсан байна. Энэ нь тухайн улсын эрүүл мэндийн салбарт авлигын тулгамдсан асуудал байгааг харуулж буй хэрэг.

Өөрөөр хэлбэл, авлига өндөр орнууд эрүүл мэндийн салбартаа маш бага хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг. Үүний зэрэгцээ эрүүл мэндийн салбар дахь авлига, гадаадын тусламжийг завших зэрэг авлигын гэмт хэргүүд КОВИД-19-ийн үед ихээр гарч байнаАвлигын гэмт хэрэг мөн эрүүл мэндийн салбарын худалдан авах ажиллагаанд их байна гэж дүгнээд онцолсон байгаа юм. Энэ асуудал манай улстай шууд холбоотой. КОВИД-19 нь нэг талаасаа эрүүл мэндийн салбар болон нийгэм дэх авлигын бодит байдлыг тодоор харуулах, илчлэх боломжийг олголоо гэдгийг Транспэрэнсси интернэшил онцолсон” хэмээв. 

Манай улс авлигатай тэмцэх зайлшгүй шаардлагатайг хэлэхийн зэрэгцээ эрх зүйн орчин, шүгэл үлээгчийн хууль, улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлын тухай хууль, уул уурхайн салбарын ил тод байдлын зэрэг хуулиудад чухал шинэчлэлтийг хийхгүй байгааг тэрбээр шүүмжилсэн юм.

Дэлхийн улс орнууд коронавирусийн халдвартай үр дүнтэй тэмцэж чадахгүй байгааг “Транспаренси Интернэшнл" онцолсон бөгөөд манай улсад ч мөн ийм нөхцөл байдал үүсээд байна. 

Энэ талаар "Транспэрэнси Интернэшнл-Монгол" ТББ-ын гүйцэтгэх захирал О.БатбаярМанай улс тусламжийн хөрөнгийг үр дүнтэй, хяналттай зарцуул байгаа гэх итгэл бага байна. Манай байгууллагаас 2020 оны долоодугаар сард 2,000 гаруй хүний дунд хийсэн судалгаагаар эрүүл мэнд болон боловсролын салбарыг хамгийн их авлигатай салбар гэж хариулсан. КОВИД-19-ийн үед улс орнуудад авлига, ашиг сонирхлын зөрчил гүнзгийрч байгааг анхааруулж байгаа. Нэг жишээ хэлэхэд Монгол Улс тусгаарлах байрнаасаа халдвар алдсан нь авлига ашиг сонирхлын зөрчил гаргасан байх магадлалтай.

Манай байгууллагын хийсэн судалгаагаар 2019 онд АТГ-аас шүүх, прокурорт шилжүүлсэн нийт гэмт хэргийн 24%-д нь ял шийтгэл оноосон байсан. Үлдсэн авлигын гэмт хэргийг буцаасан, дарсан, хэрэгсэхгүй болгосон нөхцөл байдал ажиглагдсан. Энэ нь манай улсын авлигын индекс өсөхгүй байгаа хамгийн том шалтгаан" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. 

Хуулийн хэрэгжилтэд анхаарах ёстой Төрийн албаны зөвлөл нь өөрөө Төрийн албаны тухай хуулийн чухал зүйл заалтыг зөрчиж байна
 

Манай улсад вакцинжуулалтын асуудал хурцаар яригдаж буй цаг үе. 

Тэгвэл эм ханган нийлүүлэх газрууд болон төрийн албанд хяналт шалгалт өндөр байх шаардлагатай. Мөн Засгийн газраас вакцинжуулалттай холбоотой хөнгөлөлттэй зээлийг Дэлхийн банк тэргүүтэй байгууллагаас авахтай холбоотойгоор олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагын хяналт болон үнэн бодит мэдээлэл авах нь чухал болохыг "Транспэрэнси Интернэшнл" ТББ-ын ТУЗ-ийн дарга Л.Төр-Од хэлсэн. 

Үргэлжлүүлэн тэрбээр "УИХ-аар хүний эрх хамгаалагчдын тухай хуулийг анх удаа хуульчлах гэж байна. Өчигдөр томилогдсон ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шүгэл үлээгчдийг хамгаалах болон төрийн албан хаагчдын ёс зүйн хариуцлага тооцох эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж амалсан. Эрх зүйн орчин бүрдүүлж, хууль батлахаас гадна хэрэгжилт нь хамгийн чухал. Хэрэгжилт дээр нь Төрийн албаны зөвлөл хамгийн сайн ажиллах ёстой. Гэтэл Төрийн албаны зөвлөл өөрөө Төрийн албаны тухай хуулийн чухал зүйл заалтыг зөрчөөд явж байна. Төрийн албаны зөвлөлд "Олон нийтийн, хөндлөнгийн хяналт тавих зөвлөл" гэж ажиллах ёстой. Харамсалтай нь энэ зөвлөл одоог хүртэл тавигдаагүй.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн зорилго иргэдэд ойр, уян хатан, идэвхитэй, санаачлагатай бөгөөд цомхон, чадварлаг, үр дүнд чиглэсэн манлайлагч менежер бүхий төрийн албыг бүрдүүлэхэд оршино.

Өөрөөр хэлбэл, олон нийтийн хяналт байхгүй болохоор төрийн алба хаагчдын ёс зүйгүй, хариуцлагагүй, хууль зөрчдөг үйл ажиллагаанууд үргэлжилсээр байна. Мэдлэг чадалтай төдийгүй ард иргэдийнхээ төлөө ажиллаж, үйлчилье гэсэн хүнийг төрийн албанд ажиллуулах хэрэгтэй" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/451824392859755