Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ховд-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдэд эрүүл мэндийн тандалт хийжээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Буянт-Ухаа Хилийн Мэргэжлийн Хяналт

Нийслэл Улаанбаатар хотод гацсан орон нутгийн иргэдийг хуваарийн дагуу буцаах ажлыг аймгууд болон нийслэлийн Онцгой комиссууд хамтран зохион байгуулж байв. Энэ үеэр Ховд руу нийтийн тээврээр зорчих очин хоёр иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн. Иймд халдвар авсан хоёр иргэн болон тэдэнтэй хамт зорчсон иргэдийг Улаанбаатар хот руу тусгай үүргийн онгоцоор буцаахаар болсныг Ховд аймгийн Онцгой комиссоос мэдээлсэн

Энэ дагуу Ховд-Улаанбаатар чиглэлд "Хүннү Эйр" компанийн онгоцоор дээрх иргэдийг татан авлаа. Онгоц 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр 13:46 минутанд Буянт-Ухаа Олон Улсын нисэх буудалд газардсан. Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид зорчигчдын биеийн халууныг хэмжиж, эрүүл мэндийн тандалт хийж ажиллажээ.

Ийнхүү иргэдийг Улаанбаатар руу татаж буйн учрыг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүсийг судалж үзэхэд, Улаанбаатараас Ховд хүртэл 20 гаруй цагийн турш хоорондоо ярилцаж, хооллож явсан учраас халдвар тархсан байх эрсдэл маш өндөр.

Зорчигчдын дунд архаг хууч өвчтэй, хавдартай хүн олон байгаа. Коронавирусийн халдвараар өвчилвөл хүндрэх эрсдэл байгаа учраас, мөн орон нутагт халдвар тархах эрсдэлтэй учраас тусгай үүргийн онгоцоор татан авч байна. Халдвар огт гараагүй цэвэр газраа голомт үүсгэх эрсдэлээс сэргийлж Улаанбаатар руу татан авч байгаа юм" хэмээн тайлбарласан билээ.