Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Тайвань 2021 онд инстаграм дээр хамгийн их тэмдэглэгдсэн 50 газруудын нэгээр дахин шалгарлаа

A.Жаргал
2021 оны 1 сарын 27
iKon.MN

“Big 7 Travel” олон улсын аялал жуулчлалын цахим хуудас саяхан энэ (2021) оны “Инстаграмд хамгийн түгээмэл газрууд” (инстаграмд хамгийн их тэмдэглэгдсэн газрууд) -ыг зарлалаа. Энэ удаад Тайвань жагсаалтын 17-р байранд орлоо. “Big 7 Travel” нь Тайванийг инстаграм хэрэглэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татдаг, сонирхолтой газар орон хэмээн сайшаажээ. Цар тахал дэгдсэнээс хойш дэлхийн улс орнууд өөрийн улс орны хилээр нэвтрэхэд хязгаарлалт тавьж эхэлсэн төдийгүй цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлсэн нь аялал жуулчлалын салбарт хүнд цохилт болж байгааг тус сайтаас онцолжээ. Цар тахал жил гаруйн хугацаанд үргэлжилсэн бөгөөд олон хүмүүс цар тахлаас үүдсэн сөрөг нөлөөлөл аль болох хурдан арилж, гадны улс орнуудруу аялах, зугаалах боломж бүрдэнэ гэж найдаж байна. Эдүгээ Тайвань инстаграм хэрэглэгчдийн анхаарлыг урьд урьдынхаас илүү татах болсон. Тайвань бол цэцэглэн хөгжсөн хотуудтай төдийгүй хүний хөлөөс буйдхан хөдөө нутагтай тул инстаграм хэрэглэгчдийн сонирхлыг маш ихээр татсаар байна.

Энэхүү жагсаалтыг байгалийн үзэсгэлэнт газар бүрийн hashtag-ийн тоог нэгтгэн, инстаграм хэрэглэгчдийн бүртгүүлсэн цэгүүд болон сонгон шалгаруулалтын багийн санал зэргийг нэгтгэн гаргана. Тайваний эзлэж буй байр өнгөрсөн жилээс 15 байраар урагшилсан (өөрөөр хэлбэл Тайвань өмнөх онд 32-рт бичигдэж байсан бол энэ онд 17-р байранд бичигджээ. Уг жагсаалтанд Японы Токио (1-р байр), Филиппин (2-р байр), Сингапур (11-р байр), Хонгконг (15-р байр), Жакарта (27-р байр), Сөүл (33-р байр), Куала Лумпур (34-р байр) зэрэг Азийн бусад хотууд ч багтсан болно.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлсэн үгэндээ “Энэ онд Тайвань нь инстаграм дээр хамгийн их тэмдэглэгдсэн 50 газруудын нэгээр дахин шалгарч, эзэлж буй байр нь өнгөрсөн оноос мэдэгдэхүйц урагшилсан. Энэ нь Тайваньчууд цар тахлаас амжилттай урьдчилан сэргийлж, ард иргэд хэвийн ажиллаж амьдарч буйтай салшгүй холбоотой. Өнгөрсөн оны зун Монголд цар тахал дэгдэхээс өмнө Монгол Улсад ажиллаж, амьдардаг гадаад найз нөхөд маань дотоодын аялал жуулчлалын хөтөлбөрүүдэд маш идэвхтэй хамрагдсан. Тайвань Монгол хоёр оронд дэгдээд буй цар тахал аль болох хурдан намжиж, энэ онд аялал жуулчлалын салбар аажмаар сэргэнэ гэж найдаж байна.” хэмээв.

 

Фото зургийн тайлбар: “Big 7 Travel” олон улсын аялал жуулчлалын цахим хуудас саяхан энэ (2021) оны инстаграмд хамгийн түгээмэл 50 газруудыг нэрлэж, Тайвань 17-р байрт бичигдэв. Фото зургийн эх сурвалж: Bigseventravel.com