Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

НМХГ: Үйл ажиллагаа нь нээгдсэн газрууд зөрчил гаргавал торгохгүйгээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг
НМХГ

Нийслэлд хөл хорионы дэглэмийг сулруулж үсчин, гоо сайхан, томоохон барааны зах, худалдааны төвүүдийг нээсэнтэй холбоотойгоор мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, QR кодын хэрэглээг хэвшүүлэх, халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс хяналт шалгалтыг явуулж байна.

Шалгалтын үеэр үйл ажиллагаа нь нээгдсэн газруудын халдвар хамгааллын дэглэмийг хангасан байдлыг шалгаж, зөрчил гаргасан тохиолдолд торгохгүйгээр зөрчлийг арилгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна.

Олон нийтийн сүлжээнд түгээд буй үсчний газарт торгууль ноогдуулаад явсан гэх мэдээлэл нь үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна. Харин удаа дараа зөрчил гаргаж, улсын байцаагчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа. 

Мөн хумс заслын үйлчилгээ үзүүлж байсан газарт "Мэргэжлийн хяналтаас явж байна" гээд ажлын үнэмлэхгүй хүн ирж, халдвар хамгааллын дэглэм сахиагүй шалтгаанаар таван сая төгрөгөөр торгоно гээд үйл ажиллагаа явуулж байсан газрынх нь түлхүүрийг аваад явсан тухай гомдол манай редакцад ирсэн юм.

Уг асуудлын дагуу бусад ААН-д сэрэмжлүүлэг болох үүднээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тодруулахад "Мэргэжлийн хяналтын газраас байцаагчид халдвар хамгааллын дэглэмийг сахиулахаар ААН-үүдэд шалгалт хийгээд явж байгаа. Гэхдээ бүгд ажлын үнэмлэх, албаны хувцастайгаа яваа. Мөн зөрчил илэрсэн тохиолдолд шууд торгох арга хэмжээ авахгүйгээр зөвлөж туслаад алдаа дутагдлыг нь арилгуулж байгаа" тухай мэдээллээ.

Иймээс иргэд, ААН та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ чанд сахинхяналт шалгалтаар очсон гэх тухайн хүний ажлын үнэмлэх зэрэг холбогдох баримт нотолгоотой танилцаж, мэргэжлийн хяналтын байцаагчийн нэрийг барьж луйвардах гэсэн этгээдүүдээс анхаарал болгоомжтой байхыг зөвлөлөө.