Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

2021 оны Оскарын "Гадаад хэл дээрх шилдэг кино" төрөлд найруулагч Д.Бямбасүрэнгийн "Алтан судал" киног нэр дэвшүүлэхээр болжээ

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг
hollywoodreporte

Кино урлагийн шилдэг бүтээлд шагнал гардуулах Оскарын 2021 наадмын "Гадаад хэл дээрх шилдэг кино" төрөлд нэр дэвшүүлэх киногоор найруулагч Даваагийн Бямбасүрэнгийн "Алтан судал" киног Монгол Улсаас нэр дэвшүүлэхээр болсныг hollywoodreporter мэдээлжээ.

Тус эх сурвалжид дурдсанаар энэ жил гадаад хэл дээрх шилдэг киноны төрөлд 15 бүтээл нэр дэвших бөгөөд академийн гишүүд хоёрдугаар сарын 1-5-ны хооронд нэр дэвших кинонуудыг сонгох аж.

"Алтан судал" кино нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монгол Улс болон Берлиний кино наадамд нээлтээ хийсэн билээ. Найруулагчийн хувьд тус кино нь анхны бүрэн хэмжээний уран сайхны кино юм. 

Кинонд Монголын тал нутаг дахь нүүдэлч амьдралын хэв маягийн талаар өгүүлдэг. Ингэхдээ нутагт нь гаднын уул уурхайн компаниуд орж ирэн алт хайж, байгаль орчныг сүйтгээд зогсохгүй тэдний амьдралын хэв маягийг устгах гэж байх үед 11 настай Амараа хүү аавынхаа хамт, аавыгаа өнгөрсний дараа ч тухайн зүйлийн эсрэг хэрхэн тэмцэж байгаа талаар өгүүлдэг.  

2005 онд найруулагч Д.Бямбасүрэнгийн "Ингэн нулимс" кино Оскарын "Шилдэг бүрэн хэмжээний баримтат кино" төрөлд дэвшиж байсан удаатай. Мөн тэрбээр "Шар нохойн там", "Чингисийн хоёр загал" зэрэг киногоороо олон улсад танигдсан билээ. 

Тэрбээр "Алтан судал" киноны талаарх ярилцлагадаа “Улс оронд минь үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдал энэхүү киног хийх гол хөшүүрэг болж өгсөн. Тэгээд Би Эва Кэмм, Ансгар Фрерих нартай өөр нэг уран бүтээл дээр хамтран ажиллаж байгаад нутагтаа буцаж ирээд байсан үе. Тэр үед “Алтан судал” киноны санаа орж ирсэн. Байгалийн баялгийг хайр найргүй ашиглаж, уламжлалт нүүдэлчин ахуй соёл маань бага багаар бүдгэрч байгаа тухай өөрийн үзэл бодлоо уран бүтээлээрээ дамжуулан хүргэхээс өөр зам надад байхгүй санагдсан.

Усны ундарга татарч, газар шороо сүйдэж байна. Бага балчир байхад бараг гараа дүрээд л баригддаг байсан загас, жараахай цөм үгүй болж. Надад өөр сонголт байхгүй, энийг хийх нь миний үүрэг гэж би ойлгосон. Оршин байгаа хүрээлэн буй орчин үгүй болохтой зэрэгцэн бидний соёл, байгалийн тухай мэдлэг устаж үгүй болж байгаа хэрэг юм. Дэлхий дээрх хамгийн сүүлчийн алтны судал тасрах үед, хорвоо ертөнц тэр чигтээ хумхын тоос болон замхарна” хэмээн ярьсан байдаг.

(Алтан судал киноны талаарх ярилцлагыг ЭНД дарж бүтнээр нь уншина уу)

Оскарын 93 дахь удаагийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшигчдийг гуравдугаар сарын 15-ны өдөр зарлаж, ёслолыг дөрөвдүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Трейлэр: