Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын алтны уурхайн гүнд түгжигдсэн 11 хүнийг аварч чаджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Хятадын Шандон мужийн алтны уурхайн гүнд түгжигдсэн 11 хүнийг аврах ажиллагаа Ням гарагт амжилттай өндөрлөсөн байна.

Нэгдүгээр сарын 10-ны өдөр үл мэдэгдэх шалтгаанаар гарсан дэлбэрэлтийн улмаас газар доорх уурхайн ам нурангинд дарагдаж, нийтдээ 22 уурхайчин олон зуун метрийн гүнд түгжигдсэн юм. Хоёр долоо хоногийн дараа тэдний 11-ийг аварч чаджээ. Тархиндаа гэмтэл авсан 12 дахь уурхайчин аврах өдрийг хүлээж чадалгүй нас барсан бол үлдсэн 10 уурхайчны хувь заяа тодорхойгүй байна.

Саад бэрхшээл их байгаа тул аврах ажиллагаа дахин 14 хоног сунжрах төлөвтэй байгааг орон нутгийн эрх баригчид Баасан гарагт мэдээлж байв. Харин уурхайн амыг таглаж байсан нурангийн томоохон хэсэг Ням гарагт өөрөө нурснаар уурхайчдыг эрт аврах боломж нээгджээ.

Ослоос долоо хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 17-ны өдөр аврагчдын нарийхан нүхээр гулгуулж оруулсан төмөр олсноос хүн татсанаар уурхайчид амьд байгааг анх мэдсэн юм. 

Газрын гадаргаас 500 гаруй метрийн гүнд байгаа 11 уурхайчин олсоор дамжуулан аврагчдад зурвас бичсэнээр амьд байгаагаа мэдэгджээ. Тэдний байгаа газраас 100 метрийн гүнд нэг уурхайчин ганцаар байгааг бас мэдэгдэж байв.

Өнгөрсөн хугацаанд аврагчид нүхээр дамжуулан уурхайчдад хоол хүнс, эм хэрэгсэл илгээж байжээ.

Нарны гэрэлд гялбахаас сэргийлж, нүдийг нь боосон уурхайчдыг нүхнээс гаргаж байгааг харуулсан дүрс бичлэгийг Ням гарагт Хятадын төв телевиз дамжуулсан юм.

Аюулгүй ажиллагааны стандарт муутай гэгддэг Хятадын уул уурхайн салбарт осол эндэгдэл байнга гардаг. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нэгэн нүүрсний уурхайд нүүрстөрөгчийн дан исэл алдагдах үеэр 23 уурхайчин амиа алдаж байжээ.

 

Эх сурвалж: BBC