Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн шинэ хувилбарын үхүүлэх чадвар өндөр байж болзошгүйг Их Британийн ерөнхий сайд анхаарууллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Их Британид анх бүртгэгдсэн коронавирусийн мутацлагдсан шинэ хувилбар нь эх хувилбараасаа илүү өндөр үхлийн аюултай байж болзошгүйг тус улсын ерөнхий сайд Борис Жонсон өчигдөр мэдэгджээ.

“Лондон болон зүүн өмнөд Англид тархсан шинэ хувилбар нь илүү хурдан халдварлах чадвартайгаасаа гадна илүү өндөр үхлийн аюултай байж болзошгүй нь зарим тоо баримтуудаас харагдаж эхэллээ” гэж Жонсон өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна.

Өнгөрсөн хугацаанд цуглуулсан тоо баримтыг нягтлан шалгахад ийм урьдчилсан дүгнэлт гарсныг Британийн засгийн газрын шинжлэх ухааны ахлах зөвлөх Патрик Валланс нэмж тайлбарлажээ. Урьдчилсан дүгнэлтийг баталгаажуулахын тулд судалгааг цааш гүнзгийрүүлэхээр.болсон байна.

Тодруулбал Covid-19 өвчнөөр өвчилсөн нийт хүмүүсийн статистикээс харвал вирусийн шинэ хувилбараар халдварласан өвчтөнүүдэд нас барах эрсдэл илүү өндөр байсныг тогтоосон гэнэ.

Өнгөрсөн оны сүүлээр коронавирусийн мутацлагдсан шинэ хувилбар Лондон хот болон Английн зүүн өмнөд Кент мужид маш хурдтай тархсанаас эдгээр бүс нутгийн эмнэлгүүдийн ачааллыг дээд цэгт нь тулгасан юм.

Үүнтэй холбоотойгоор дэлхийн олон улс орон Их Британиас ирэх зорчигчдод хилийн хориг тавиад байгаа билээ.

 

Эх сурвалж: BBC