Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Анандбазар: Керосин, нафтаг онцгой албан татваргүйгээр оруулж ирснээр улсын төсөв жил бүр ₮60-70 тэрбумыг алдаж байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, харьяалах Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир танилцуулсан юм.

Нефть үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг зарим компани хуурамч шатахуун үйлдвэрлэж, шатахуун түгээх станцуудад нийлүүлж, иргэдийг хохироосоор байгаа талаар төсөл санаачлагч илтгэлийнхээ эхэнд дурдав. Олон улсад хэрэглээ нь хумигдсан керосин, нафта зэрэг бүтээгдэхүүний импорт манайд өссөн байдаг аж. 2017, 2018 оны байдлаар Монгол Улсын хилээр дээр нэр дурдсан, хуурамч шатахуун үйлдвэрлэх гол түүхий эд болох бодисыг нийтдээ 202 мянган тонныг оруулж ирсэн мэдээ байгаа гэв.

Шатахууныг керосин, хийн конденсацын нэрмэл дистиллят, хөнгөн фракцын бензин буюу нафта зэрэг бодисуудаар шингэлэн найруулж, түгээх станцуудад зах зээлийн үнээс хямдаар нийлүүлдэг хэмээн үзэж байгаа аж. Нефть үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа эрхэлдэг зарим аж ахуйн нэгжүүд газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнийг онцгой албан татвар болон тусгай зөвшөөрөлгүйгээр импортлон, хуурамч шатахуун үйлдвэрлэн шатахуун түгээх станцуудад нийлүүлж байгаа нь иргэд, аж ахуйн нэгжид хохирол учруулахаас гадна агаарын бохирдолд сөрөг нөлөө үзүүлж байгаа тул импортоор оруулж байгаа газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах улмаар улсын төсөвт орлого төвлөрүүлэх боломжийг нэмэгдүүлэхээр холбогдох хуулийн төслийг боловсруулжээ.

Төсвийн байнгын хороо 2020 оны тавдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэж үзжээ. 

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулсан юм. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг хууль санаачлагчид нь буцаах Байнгын хорооны саналыг дэмжээгүй юм. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Керосин, нафта гэж нефтийн бүтээгдэхүүнийг онцгой албан татваргүйгээр оруулж ирээд, авто машинд хэрэглэж байна

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар "Монгол Улсад сүүлийн зургаан жилийн турш хуурамч шатахуун буюу керосин, нафта гэж нефтийн туслах бүтээгдэхүүнийг онцгой албан татваргүйгээр оруулж ирээд холиод автомашинд хэрэглэж байгаа. Үүнээс гарах хохирол нь улсын төсөв жил бүр 60-70 тэрбум алдсан. Монголд нийт хөдөлж байгаа автомашинуудын мотор нь тун удахгүй бүгд эвдэрнэ.

Төсвийн байгууллагын, уул уурхайн гээд бид бүгд мэдэхгүйгээр үүнийг хэрэглэж байна. Иймд зайлшгүй татвар тавьж, нефтийн бусад бүтээгдэхүүнтэй адил онцгой албан татвартай болгосноор төсөвт орлого нэмэгдэхээс гадна ард иргэдийн авто машиныг эвдрэлээс хамгаалахад онцгой ач холбогдолтой. Африкийн орон, Монгол орон гэж хоёрхон улсад л ийм юм хэрэглэж байна.

Хэн нэгэн хүмүүсийн оролцоотойгоор онцгой албан татвараас чөлөөлчихсөн гэсэн үг. Яваандаа энэ нь олон хүнийг шоронд суулгаж ч магадгүй. Ийм хуурамч шатахуун борлуулдаг компани улсын компаниас ч том борлуулалттай болсон. Яагаад гэвэл үнэ нь 100-200 төгрөгөөр хямд" хэмээн байр сууриа илэрхийллээ.

График, Монгол Улсад импортлогдсон техникийн керосины хэмжээ, жилийн эцсээр, 2015-2019 он,

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар