Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск агаараас нүүрстөрөгч шүүдэг шилдэг технологи бүтээвэл $100 саяар шагнахаа амлав

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Тесла компанийн гүйцэтгэх захирал, тэрбумтан Илон Маск агаараас нүүрстөрөгч шүүж, цэвэрлэх хамгийн шилдэг технологи зохион бүтээсэн этгээдэд $100 саяын шагнал амлаж байгаагаа зарлажээ.

Дэлхийн дулаарлыг зогсоохын тулд хүлэмжийн хийг бууруулахад агаар дахь нүүрстөрөгчийг шүүж, цэвэрлэх арга чухалд тооцогддог боловч энэ чиглэлд ахиц маш бага байгаа.

Ихэнх хүмүүс, байгууллагууд нүүрстөрөгчийн эх үүсвэрүүдийн ялгаруулалтыг багасгахад анхаарлаа хандуулдаг. Харин нэгэнт агаар мнадалд бий болсон нүүрстөрөгчийг цэвэрлэх тал дээр технологийн хөгжил удаашрлтай байна.

Хүлэмжийн хийг бууруулах зорилгодоо хүрэхийн тулд дэлхийн улс орнууд агаар дахь нүүрстөрөгчийг шүүж, цэвэрлэх технологийг хурдтай хөгжүүлэх шаардлагатайг Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг өнгөрсөн онд зөвлөж байжээ.

Илон Маск шагналынхаа болзол, нөхцлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ирэх долоо хоногт өгөх тухай твиттер хуудсандаа мэдэгдсэн юм.

Анх интернэт төлбөр тооцооны PayPal компанийг үүсгэн байгуулалцаад дараа нь зарж байсан Илон Маск өнөөдөр ирээдүй рүү чиглэсэн бизнесүүдийг удирддаг.

Үүнд цахилгаан хөдөлгүүрт автомашины Тесла, сансрын аяллын SpaceX, хүний тархийг машинтай холбох Neuralink компаниуд багтаж байна.

АНУ-ын шинэ ерөнхийлөгч Жо Байден уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх төлөвлөгөөнийхөө хүрээнд нүүрстөрөгчийг агаараас шүүж, цэвэрлэх технологийн хөгжүүлэлтийг дэмжихээ амлаад байгаа. 

Өчигдөр тэр энэ технологийн эксперт Женифер Уилкоксыг АНУ-ын эрчим хүчний яамны дэд сайдаар томилжээ.

 

Эх сурвалж: Reuters