Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, ажилтнууд өвчтөнийг эмнэлэг хооронд шилжүүлэх дүрэм, журмыг зөрчсөн"

Г.Номин, iKon.mn
2021 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал коронавирусийн халдвартай нь батлагдсан эхийг "Өргөө" амаржих газраас ХӨСҮТ рүү шилжүүлсэн үйл явцын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Улсын хэмжээнд 2020 оны эцсийн байдлаар эрүүл мэндийн 4,459 байгууллага үйл ажиллагаа явуулж, хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Сүүлийн бүтэн жилийн хугацаанд эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

Коронавирусийн халдвар дотоодод гарсантай холбоотойгоор ЭМ-ийн сайдын тушаал шийдвэрүүд гарсан. Тухайлбал, 2020 оны арванхоёрдугаар сарын 25-нд бүх эрүүл мэндийн байгууллагад халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахих, өвчтөнийг эмнэлэг хооронд яаж шилжүүлэх талаар журмаа шинэчилж хүргүүлсэн. Мөн 2021 оны нэгдүгээр сарын 5-нд тушаал гаргаж, эрүүл мэндийн бүх байгууллагыг Өндөржүүлсэн бэлэн байдлаас зэрэглэл ахиулж, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор эмнэлэг эрүүл мэндийн байгуллагууд дотоод халдварын дэглэмээ чангатгасан байдлаар ажиллаж байна. Энэ хугацаанд ЭМЯ эрүүл мэндийн бүх байгууллагатай 4-5 удаа цахим хурал зохион байгуулсан. Гэсэн хэдий ч хувь хүний хариуцлагагүй, сэтгэлгүй байдлаас үүдсэн алдаа дутагдал гарч байна.

Өчигдөр "Өргөө" амаржих газарт төрсөн эхийг халдвартай гэдгийг тодорхойлоод, тусгаарлах өрөөнд оруулаад, хувцсыг нь өмсүүлээд нэг эмнэлгээс нөгөө эмнэлэгт хүргэдэг сайдын тушаалыг мөрдөхгүй, төрсөн эхэд гадуур хувцас өмсгөлгүй, хүүхдийг нимгэн өлгийтэй зөөвөрлөж тээвэрлэсэн асуудал гарлаа. Энэ эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, ажилтнууд өвчтөнийг эмнэлэг хооронд хэрхэн шилжүүлэх, тусгаарлах дүрэм журмыг зөрчиж ажилласан гэж үзэж байгаа.

Нэгдүгээр төрөх тусгаарлах өрөөтэй. Халдвар гарсан тохиолдолд тусгаарлах стандартын өрөө бий. Тухайн эхийг тусгаарлах өрөөнд байхад дулаан хувцас өмсгөөд гаргах ёстой. Энд шилжүүлж байгаа болон авч байгаа эмнэлэг тун хариуцлагагүй хандсан байна. Энэ үйл явдалд бид харамсаж байна. ЭМЯ-ны зүгээс тухайн эмэгтэй болон гэр бүлээс нь уучлал гуйж байна.

"Өргөө" амаржих газар засаг захиргааны нэгжийн хувьд нийслэлийн харьяа байгууллага учраас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Эрүүл мэндийн сайдын зүгээс НЭМГ-ын удирдлага болон "Өргөө" амаржих газрын удирдлагад хариуцлага тооцох талаар албан тоотыг хүргүүлсэн.

ХӨСҮТ-ийн хүлээж авсан эмч ажилчдыг сэтгэлгүй гэхээс өөрөөр хэлэх аргагүй байдал үүсгэж, эхийг хүйтэнд зөөвөрлөсөн байна. ХӨСҮТ-д Эрүүл мэндийн сайд хуулийн хүрээнд шууд хариуцлага тооцох үйл ажиллагааг хийнэ" гэв.

Нэгдүгээр сарын 14-нд "Өргөө" амаржих газарт ирж хэвтсэн иргэний гэр бүлийнхэнд өчигдөр халдвар илэрч, үүний дагуу ХӨСҮТ-өөс Өргөө амаржих газрын удирдлагад мэдэгдэж, тусгаарлах, шилжүүлэх ажлыг төлөвлөсөн. Амаржих газарт олон эх байгаа учраас яаралтайгаар ХӨСҮТ рүү шилжүүлэх шаардлага гарсан. Амаржих газарт 270 өвчтөн, 92 эмч, ажилтан байсан бөгөөд бүх хүнээс түргэвчилсэн болон PCR шинжилгээ авсан одоогоор бүх хариу сөрөг гараад байна гэдгийг нэмж хэллээ.

ВИДЕО ҮЗЭХ: /2021.01.20/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/863343034488992