Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Сүүлийн гурав хоногт гэр бүлийн хүчирхийллийн 352 дуудлага бүртгэгдэж, архидан согтуурсан 620 хүн эрүүлжүүлэгдсэн"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод мөрдөгдөж байсан бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн. 

Ингэснээр 18-аас дээш градустай согтууруулах ундааг худалдан борлуулж эхэлсэн. Энэ нь зөрчил, гэмт хэргийн гаралтад хэр нөлөөлж байгааг нийслэлийн Цагдаагийн удирдах газраас тодрууллаа.

НЦУГ-ын урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул "Өнгөрсөн гурав хоног буюу нэгдүгээр сарын 15-17-нд цагдаагийн байгууллагад 4,342 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүний 1,958 нь зөрчлийн, 60 гаруй  нь гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. 

Түүнчлэн хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 352 дуудлага мэдээлэл ирсэн. Харин архидан согтуурч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, орчиндоо түгшүүр төрүүлсэн 620 хүн эрүүлжүүлэгдсний 57 нь эмэгтэй хүн байна" гэлээ. 

Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осол гэмтэлд өртсөн тохиолдол 3.8 дахин нэмэгджээ

Улаанбаатар хотод бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон. Тухайн хугацаан дахь осол гэмтлийн тохиолдлын тоог 01 сарын 11-нээс хөл хориог сулруулж архи согтууруулах ундаа худалдаалж эхэлсэн хугацаатай харьцуулахад: /хоногоор/

 

ГССҮТөвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт тусламж авсан осол гэмтлийн тохиолдол 74.5 хувиар нэмэгдэж, тэр дундаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осол гэмтэлд өртсөн тохиолдол 3.8 дахин нэмэгдсэн байна. Осол гэмтлийн тэргүүлэх шалтгаан:

  • Уналт 85.5 хувиар,
  • Амьгүй механик хүчинд өртөх гэмтэл 61.8 хувиар,
  • Хүн хоорондын хүчирхийлэл 2.5 дахин нэмэгджээ.

"Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 39.4 хувиар буурсан"

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг хэсэгчлэн шилжүүлсэн хугацаанд буюу 2020 оны арванхоёрдугаарс сарын 23-наас 2021 оны нэгдүгээр сарын 11-нийг хүртэл нийт 13,000 гаруй дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нь өмнөх оных нь мөн үетэй харьцуулахад 2.4 дахин буурсан үзүүлэлт аж.

Тухайн хугацаанд гарсан гэмт хэрэг, зөрчлийн талаар цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул "Бүх нийтийн бэлэн байдалд хэсэгчлэн шилжүүлсэн 20 хоногийн хугацаанд 18-аас бага градусын согтууруулах ундааг худалдан борлуулахыг зөвшөөрч байсан бөгөөд архи согтууруулах ундааны худалдаанд давхардсан тоогоор 612 албан хаагч хяналт тавин ажилласан. Энэ хугацаанд 84 зөрчил илрүүлсэн. Тухайлбал, өндөр градустай архи, согтууруулах ундаа худалдсан зургаан аж ахуйн нэгжийг 25.5 сая төгрөгөөр, гар дээрээс худалдаалсан 40 хүнийг 20 сая төгрөгөөр торгож, 21 хүнийг шүүхээр баривчлуулсан байна.

Түүнчлэн дээрх 20 хоногийн хугацаанд

  • гэмт хэргийн шинжтэй дуудлага 3.2 дахин,
  • зөрчлийн шинжтэй хэргийн дуудлага 49 хувиар,
  • гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 39.4 хувиар,
  • архи хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчил 2.2 дахин
  • зам тээврийн ослын шинжтэй дуудлага 2.3 дахин буурсан" гэлээ.