Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

"АНУ, Англи зэрэг дөрвөн улсын шүүх дээр манай сайд нар Оюутолгойн гэрээг байгуулахдаа авлига авсан гэдэг дүгнэлт гарсан"

Т.Саран, iKon.mn
2021 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Оюутолгойн гэрээнээс Монголын ард түмэнд ажлын байр, орлого бий болно гэж бодсон боловч 22 тэрбум долларын өрөнд орно, 2051 он хүртэл ямар ч ногдол ашиг авахгүй гэж Рио Тинтогоос албан ёсоор мэдэгдсэн байна. Монголчууд бид ингээд байгаад байх уу? Монголын Засгийн газар хоёр жил орчим УИХ-аас өгсөн үүрэг даалгавраар ажилласан нэртэй, огт ажилласангүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар маш хариуцлагагүй ажилласан.

УИХ-д тайлан мэдээлэл хийнэ үү гэдэг албаны бичгийг нэгдүгээр сарын 15-нд УИХ-ын даргад өргөн барилаа.  Энэ долоо хоногт нэн даруй Оюутолгойн хэлэлцээрийг Монголын ард түмэнд ашигтай байлгах талаар Засгийн газрын ажлын хэсэг  ямар ажил хийж байгаа талаар мэдээлэл хийгээч гэсэн  шаардлага юм. 

Одоогийн байдлаар Монголоос 1.2 сая тонн зэс гарсан байна. 75.8 тонн алт, 231 тонн мөнгө Монгол орноос гарсан. Нийтдээ 14 тэрбум долларын баялаг Монголоос гарчээ. 34 хувьд ногдох Монголын 2.1 тэрбум доллар болсон.  

АНУ, Англи, Сингапур, Хонг Конг гэсэн дөрвөн улсын шүүх дээр манай улсын Засгийн газрын сайд нар Оюутолгойн гэрээг байгуулахдаа авлига авсан, үндэслэлгүй баяжсан гэдэг дүгнэлт гарсан байна.  Ийм шийдвэр гарчихсан байхад манай улсын засгийн газраас олон улсын шүүхэд ард түмнээ өмгөөлсөн захидал явуулахгүй байна. Ямар ч алхам хийхгүй байна. Үүнээс болж нэгдүгээр сарын 31-н өнгөрвөл Монгол орон Оюутолгойн гэрээг ашигтай болгох, сайжруулах түүхэн боломжоо алдана.

 Хэн нэгэн арчаагүй сайд өөртөө хэдэн сая доллар авахын тулд хэдэн тэрбум доллараар Монголыг хохироосон явдлыг таслан зогсоохын тулд Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлагын хариуг УИХ дээр энэ долоо хоногт сонсоно гэдэг байр суурийг илэрхийлж байна.

Оюутолгойн гэрээг Монголын талд ашигтай байлгах хоёр том үндэслэлийг хэлье. 2009 оны УИХ-ын 40 дүгээр тогтоолоор Засгийн газарт хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах зөвшөөрөл өгсөн.  Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар нэг ч үг УИХ яриагүй. Хувь нийлүүлэгчдийн гэрээ гэдэг луйврыг УИХ-аас зөвшөөрөл авахгүйгээр Засгийн газар дур мэдэн байгуулсан явдал бол энэ гэрээг цуцалж, Монголын талд ашигтайгаар шинээр байгуулах үндэслэл юм.  

Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар Дубайн гэрээ болон бусад луйврын үүд нээгдсэн.  Хоёр жилийн хугацаанд Засгийн газар Оюутолгойн гэрээг сайжруулах талаар юу ч хийсэнгүй. Засгийн газар, ЗГХЭГ, Сангийн яам, ХЗДХ-ийн яам Рио Тинтогийн бууны нохойнуудаар дүүрсэн гэдгийг албан ёсоор хэлье. Гомдол гаргавал баримттай мэдээллээр хариулт өгөхөд бэлэн байна” гэв.