Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ыг зорьсон олон мянган дүрвэгчтэй Гватемалын цагдаагийн хүч тулгарав

Т.Давааням, ikon.mn
2021 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Гватемал улсын цагдаагийн хүч АНУ-ыг зорьсон Төв Америкийн орнуудын дүрвэгчидтэй тулгарч, бороохой, нулимс асгаруулагч хий ашиглажээ.

Гэр бүл, нялх бага насны хүүхдүүдээ дагуулсан 7,000-8,000 орчим дүрвэгчийн цуваа Гватемал, Мексик улсуудын газар нутгийг нэвт туулж, АНУ-ын хилд хүрэх зорилготой юм.

“Гватемалын байр суурь маш тодорхой. Ийм хууль бус нүүдлийг бид хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй, хөрш улс орнуудтай хамтран зохицуулах болно” гэж Гватемалын ерөнхийлөгчийн албанаас мэдэгджээ.

Ням гарагийн мөргөлдөөн Хондурас, Эль Сальвадор улсуудын хилээс 55 км орчим зайтай оршдог Гватемалын Вадо Хондо тосгоны ойролцоо болжээ. Тулгаралтад 3,000 орчим цагдаа оролцсон байна.

Хондурасын дүрвэгч Хоакин Ортиз “Гватемал улсаас нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхийг бид хүсч байна. Бид энэ улсад үлдэхгүй, дайраад өнгөрнө. Эх оронд маань амьдрах аргагүй болсон учраас бид ингэж явна. Хондураст итгэж найдах юу ч үлдээгүй” хэмээн ярьжээ.

Коронавирусийн цар тахлаас гадна Карибын тэнгист үүссэн хар салхи Төв Америкийн орнуудын эдийн засгийг туйлдуулаад байгаа юм.

Гватемалын эрх баригчид сайн дураар буцах дүрвэгчдийг хилд хүргэх автобуснуудыг илгээсэн байна.

Дүрвэгчид Гватемалын саадыг давж чадсан ч Мексик улсад мөн адил хатуу эсэргүүцэлтэй тулгарах юм.

Дүрвэгчдийн цувааг зогсоохын тулд Мексик улс хилийн харуул хамгаалалтаа чангатгаж, хүчээ зузаалаад байна.

АНУ-ын шинэ ерөнхийлөгч Жо Байден тангараг өргөж, үүрэгт ажилдаа орсны дараа цагаачлалын бодлого зөөлөрч магадгүй гэх найдлага тээсэн дүрвэгчид ийнхүү хил дамнасан эрсдэлтэй аяллыг хийж байгаа юм.

Ням гарагийн мөргөлдөөнөөс өмнөх хоёр өдөр Гватемалын хууль хүчнийхэн бараг 1,000 орчим дүрвэгчийг Хондурасын хилээс буцаажээ.

Жо Байдены ажлын албанаас гаргасан мэдэгдэлд “АНУ ирэх сараас эхлэн хилээ нээнэ гэсэн цуурхалд итгэж, өндөр эрсдэлтэй аялал хийхгүй байхыг тус бүс нутгийн ард иргэдэд анхааруулж байна” гэсэн байна.

Шинэ засаг захиргаа дүрвэлтийн суурь шалтгааныг тодорхойлж, хуулийн дагуу цагаачлах боломжийг өргөжүүлэх тал дээр анхаарч ажиллана гэж уг мэдэгдэлд дурджээ.

 

Эх сурвалж: Reuters