Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Олимпын наадмын үеэр сүлд дууллын оронд Катюша дууг эгшиглүүлэх санааг ОХУ-ын спортын сайд дэмжжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
ОХУ-ын Спортын сайд Олег Матыцин ерөнхийлөгч Владимир Путин нар

Төрийн дэмжлэгтэй сэргээш хэрэглэдэг байсныг нь илрүүлсний дараа Швейцарьт төвтэй Олон Улсын Спортын Арбитрийн Шүүх дэлхийн хэмжээний спортын уралдаан тэмцээнүүдэд ОХУ-ын баг тамирчдын өөрийн эх орны туг далбаан дор оролцох эрхийг хассан билээ. Мөн медалийн тавцанд гарахдаа өөрийн улсын төрийн дууллыг эгшиглүүлэхийг нь хориглосон юм.

Энэ хориг 2022 оны арванхоёрдугаар сарын дунд үе хүртэл үйлчлэх ажээ.

Тэгвэл саяхан Оросын Үндэсний Олимпын Хорооны дэргэдэх Тамирчдын Зөвлөл төрийн сүлд дууллын оронд дэлхийн хоёрдугаар дайны үеийн “Катюша” дууг эгшиглүүлэх санааг гаргасан юм.

Энэ санааг бүрэн дэмжиж байгаагаа ОХУ-ын спортын сайд Олег Матыцин өнгөрсөн Бямба гарагт хэвлэлд ярьжээ.

“Зөвлөлт Холбоот Улс болон Оросын Холбооны Улсад олон жилийн өмнөөс уламжлал болсон Катюша дууг би маш их хүндэлдэг. Энэ дуу нь дэлхий дахинд танигдсан, манай орныг төлөөлөх хэмжээний бүтээл. Тамирчдын гаргасан санааг би бүрэн дэмжиж байна” гэж Матыцин сайд хэлсэн байна.

Хоригийн хугацаанд Токиогийн Зуны Олимпын наадам 2021 оны долоо, наймдугаар саруудад, Бээжингийн Өвлийн Олимпын наадам 2022 оны хоёрдугаар сард тус тус зохион байгуулагдах юм.

Эдгээр наадмуудын үеэр Оросын тамирчид медаль зүүвэл “Катюша” дууны ая эгшиглэж магадгүй байна.

 

Эх сурвалж: ТАСС