Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Шүүх болон шүүгч хэнээс ч, юунаас ч хараат бус ажиллах боломжийг энэ хуулиар бүрдүүллээ"

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо

Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Ийнхүү хууль баталсантай холбоотойгоор УИХ-ын гишүүд мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт: Хууль зүйн байнгын хороо парламентийн түүхэнд анх удаа 17:40 цаг хуралдан, Парламентийн дэгийн тухай хуульд  хэрэглэж байгаагүй мэтгэлцээнийг хийж  мөн  үг үсэг, заалт бүрээр хэлэлцүүлэг хийж  төслийг алдаа мадаг, хийдэл дутагдалгүй боловсруулахад анхаарч ажиллалаа. Шүүхийн тухай хууль бол үндсэн хуулийн нэг том салаа мөчир, хуулийн засаглал, шударга ёсны суурь нь юм. Шүүх болон шүүгч хэнээс ч юунаас ч хараат бус ажиллах боломжийг энэ хуулиар бүрдүүллээ. Шүүхийн тухай хууль бол хуулийн засаглал, шударга ёсны суурь нь юм. Шүүх болон шүүгч хэнээс ч юунаас ч хараат бус ажиллах боломжийг энэ хуулиар бүрдүүллээ. Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх үндсэн хуулийн зарчим шүүхийн тухай хуулиар бодитой хэрэгжинэ. 

Иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх нь нээгдэж байна гэж үзэж байна. Шүүхэд, шүүгчид хуулиас өөр дарга байхгүй болсон. Энэ цагаас эхлэн эзэнтэй шүүгч, эрх мэдэл, эдийн засгаас хараат шүүгч гэж хэрхэвч байж болохгүй. Шүүгч шүүгчдээ нөлөөлдөг, дарамталдаг явдал энэ хуулиар эцэс болж байна. Шүүгчийн томилгоог нэг хүний гарт төвлөрүүлж хонгил үүсгэдэг асуудал төгсгөл болж байна. Өмнө нь дөрвөн хуулиар зохицуулж байсан харилцааг нэгтгэн шүүхийн тухай хууль гэсэн нэг хууль болголоо. 

Шүүгчийн хариуцлагыг нэмэгдүүлж, шүүгчид хориглох 40 гаруй зөрчлийг тодорхой тусгаж өглөө. Хариуцлага алдсан, ёс зүйгүй авирласан шүүгчид хариуцлага тооцох хараат бус сахилгын  хороо энэ хуулиар бий болж байна.

Шүүгчийг сонгон шалгаруулах, эрх ашгийг нь хамгаалах чиг үүрэг бүхий шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, бүрэлдэхүүн, томилох журам, тавих шаардлагыг тодорхой болголоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүний тавыг шүүгчид дотроосоо бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтыг үндэслэн УИХ-аас томилж байхаар боллоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд тавих шаардлагыг өндөрсгөлөө. 

Мөн шүүхийн ерөнхий зөвлөлийн  гишүүн нь эрх зүйч мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, хууль зүйн өндөр мэргэшилтэй, сүүлийн таван жил шүүгч, улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй байх шаардлагыг тусгалаа. Шүүхийн шийдвэр бүхэн үндэслэлтэй байх, үндэслэл шийдвэр болгон нь ил тод байхыг үүрэгжүүлж өглөө. Сайн хуулийг муу хэрэгжүүлж амийг нь тасладаг алдаа гаргаж болохгүй гэдгийг хатуу сануулъя. Шүүх эрх мэдэл бол ард түмний шударга ёсны хүсэмжлэлийн бодит биелэл байх ёстой гэдгийг тэмдэглэх байна.  

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч  Б.Энхбаяр: Шүүх хараат бусаар ажиллах боломж алдагдсан байгааг Ерөнхийлөгч, УИХ, ард иргэд шүүгчид хүртэл өөрсдөө хүлээн зөвшөөрч ирсэн. Монгол Улс шүүхийн хараат бус байдлаар 140 улсаас 120-т жагсч байгаа нь гашуун боловч үнэн юм. Шүүхийн энэ системийн байдлыг бид хүндэрсэн байна гэж дүгнэсэн. Иймээс шүүхийн тухай хууль тогтоомжийг цогцоор нь иж бүрнээр нь засварлалаа. Энэ бол зөвхөн эхлэл, гараа. Сайн хууль амилах биежих эсэх нь хүнээс хамаарна. Шүүгчид маань өөрсдийгөө засч, шаардлагад нийцэж хуулиа дагаж ажиллах шаардлагыг тавьж байгаа. Ингэж чадахгүй өнөөдөртэйгээ, эрх мэдэлтэйгээ зууралдан, авлигажин, хонгилдож, муу муухайтай эвлэрч, сайн сайхныг үгүйсгэж ажиллаж болохгүй.

Энэ хууль олон хүний эрх ашгийг хөндөж байгаа учраас хуулийн үзэл санааг үгүйсгэж, таслан зогсоох үйлдэл хийхийг мэдэж байна. Үүнийг улдан дарж, шударга ёсны түүчээ болох хүч УИХ-д байгаа. Учир нь энэ хуулийн шинэчлэл дээр УИХ, парламентанд суудалтай бүх нам, бие даагчид шүүхийн шинэтгэл хийх ёстой, шударга ёсны асуудлыг хийх ёстой гэдэг дээр цул хүч болж 96.2 хувийн саналаар батлагдлаа.