Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Өвдөөд эдгэрсэн хүмүүст Covid-19 өвчний олон сарын дархлаа үүсдэг байж болзошгүйг тогтоожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Их Британийн эрүүл мэндийн яамны судлаачдын өчигдөр гаргасан тайланд коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүст хамгийн богинодоо таван сарын хугацаатай дархлаа үүсдэг байж болзошгүй тухай мэдээлжээ.

Тухайлбал эдгэрсэн хүмүүсийн дахиж халдвар авах магадлал нь хэзээ ч өвдөж байгаагүй хүмүүсийнхтэй харьцуулахад 83 хувиар бага байгааг судалгаагаар тогтоосон байна.

Гэхдээ зарим хүмүүст хоёр дахь удаагаа халдвар авч, бусдад вирус тараах эрсдэл хэвээр байгаа тул халдвараас сэргийлэх дэглэмээ үргэлжлүүлэн сахих хэрэгтэйг судлаачид анхааруулжээ.

“Хэрвээ та халдвар аваад эдгэрсэн бол хоёр дахь удаагаа хүндээр өвчлөх магадлал буурах сайн талтай боловч бусдад вирус тараах эрсдэл хэвээр байгааг мартаж болохгүй” гэж судалдааг ахалсан профессор Сюзан Хопкинс ярьж байна.

Түүний ахалсан баг 2020 оны зургаадугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд Британи даяар ажиллаж буй 21,000 орчим эмнэлгийн ажилтны эрүүл мэндийн байдлыг ажиглажээ.

Ингэхэд халдвар аваад эдгэрсэн 6,614 ажилтны дотроос дээрх хугацаанд 44 хүн л дахин халдвар авсан байна. Харин огт халдвар авч байгаагүй хүмүүсийн дотроос 318 халдварын тохиолдол шинээр илэрчээ.

Одоо эрдэмтэд ажиглалтаа үргэлжлүүлж, эхний өвчлөлийн дараа үүссэн дархлаа хэр удаан үргэлжилдгийг судлах гэнэ.

 

Эх сурвалж: BBC