Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Энхболд: Хүнс, шатахуун зэрэг тээвэр болон оршуулгын үйл ажиллагаанд оролцох иргэдийг л Улаанбаатараас гаргана

А.Намуун, iKon.mn
2021 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Тээврийн цагдаагийн албанаас Улаанбаатар хотоос орох, гарах хөдөлгөөний талаар мэдээлэл өгч байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/zamiintsagdaa/videos/212946280474502

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд: Өнөөдрөөс бүх нийтийн бэлэн байдлыг бууруулж байгаа ч эм, эмнэлгийн хэрэгсэл, малын тэжээл, хүнс, шатахуун тээврээс бусад хөдөлгөөнийг хотоос гарах, орохыг хязгаарласан хэвээр байгаа.

Хүндэтгэн үзэх шалтгаангүй бол Улаанбаатараас орон нутаг руу явах боломжгүй. Орон нутгаас ирээд гацсан иргэдийг гаргахгүй.

Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөн

Улаанбаатар хотоос аймаг, орон нутагт доорх зөвшөөрөгдсөн шалтгаанаар зорчигчид бүгд ПГУ буюу PCR шинжилгээний хариутай байна.

  • Хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэлтийн үйл ажиллагаа /жолооч, туслах жолоочийн ажлын үнэмлэх, хүнс нийлүүлэх гэрээ, баримт/
  • Шатахуун тээвэрлэлтийн үйл ажиллагаа /жолооч, туслах жолоочийн ажлын үнэмлэх, шатахуун тээвэрлэгч компанийн гэрээ, баримт/
  • Эм, эмнэлгийн хэрэгсэл /жолоочийн ажлын үнэмлэх, холбогдох зөвшөөрөл/
  • Эрүүл мэндийн үйлчилгээ /эмчийн магадлагаа/
  • Мал, амьтны өвс тэжээл тээвэрлэлтийн үйл ажиллагаа /холбогдох зөвшөөрөл/
  • Орон нутаг руу чиглэсэн оршуулгын үйл ажиллагаанд оролцох /Улсын Онцгой комиссын Шуурхай штабт хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлнэ/
  •  Бусад шаардлага, нөхцөлөөр иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын зорчих хүсэлтийг хүлээж авахгүй бөгөөд зайлшгүй гэж үзвэл тухайн орон нутгийн Онцгой комисстой зөвшилцөнө.

Улаанбаатар хот руу орох хөдөлгөөн

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас зорчиж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл ПГУ буюу PCR шинжилгээний хариутай нэвтэрнэ. Бусад аймаг, орон нутгаас ирэх иргэдийг эрүүл мэндийн асуумжаар нэвтрүүлнэ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт, шалган нэвтрүүлэх товчоодын гадна байршилтай Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, 32, Хан-Уул дүүргийн 13, 14 дүгээр хороонд амьдардаг болон үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн ажиллагсдын нотлох баримтыг үндэслэн PCR шинжилгээний хариу шаардахгүйгээр товчоогоор нэвтрүүлнэ.

/Нотлох баримтад тухайн оршин суух нутаг дэвсгэрийн хаягтай иргэний үнэмлэх, аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар баталгаажсан хуулбар, ажлын үнэмлэх, бусад шаардлагатай баримт багтана./

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор зорчих иргэд иргэний үнэмлэхээ биедээ заавал авч явна.