Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

"ААН-үүд хөл хорионд байсан ажилчдаа ажил эхлэхэд заавал шинжилгээнд хамрагдсан байх ёстой гэх шаардлага тавих хэрэггүй"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Даваа гарагаас үйл ажиллагаа нь нээгдэж буй ААН-үүд өглөө бүр ажилчдынхаа халууныг хэмжиж, хүн хоорондын зайгаа барьж, хоол ундаа хамт идэх зэргээр амны хаалтаа авахаас аль болох зайлсхийх хэрэгтэй НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар анхааруулав.

Тэрбээр “Нэгдүгээр сарын 11-ний өдрөөс ААН-үүдийн үйл ажиллагаа сэргэж байгаатай холбоотойгоор шинжилгээ хийлгэх гэсэн иргэдийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Иймд иргэдэд болон ААН-үүдийн удирдлагуудад тайлбар хийе.

Улаанбаатар хотод өдөрт ойролцоогоор 20 мянга орчим иргэнээс шинжилгээ авч байгаа. Түүнээс хэтэрвэл их ачаалал үүсээд эхэлнэ.

Иймд хөл хорионд иргэд гэртээ байсан эсвэл халдвар хамгааллын дэглэмээ баримталж ажил, амьдралаа зохицуулж байсан хүмүүст ажил эхлэхэд заавал шинжилгээнд хамрагдсан байх ёстой гэх шаардлага тавих хэрэггүй" гэв.

"Үйл ажиллагаа нь нээгдсэн байгууллагын ажилчид амны хаалтаа авахаас аль болох зайлсхийх хэрэгтэй"

Үргэлжлүүлэн "Хамгийн гол нь бид бүгд халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалт зүүлгэх, гараа угаах болон ариутгах боломжоор хангаж өгөх ёстой. Мөн өглөө бүр ажилдаа ирэхэд нь халууныг нь хэмжих, хүн хоорондын зайгаа барьж, хоол ундаа хамт идэх зэргээр амны хаалтаа авахаас аль болох зайлсхийх хэрэгтэй.

Өмнө нь голомтолж гарсан халдварыг анзаарахад олноороо нийлж баяр ёслол тэмдэглэх, хоол идэх зэргээр тодорхой хугацаанд ойрын зайд хамт сууж ярилцсан зэргээс халдвар дамжсан байна.

Хэдий үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа сэргэж байгаа ч коронавируст халдварын эрсдэл өндөр хэвээр байгааг мартаж болохгүй. Тодорхой ААН-үүдийн үйл ажиллагаа нээгдэж байгаа нь эрсдэл буурсан гэсэн үг биш. Гэхдээ иргэдийнхээ ажил амьдрал, эдийн засгаа бодохгүй бол болохгүй тул энэ шийдвэр гарч байгааг ойлгох хэрэгтэй.

Мөн ажилчдаа сүүлийн өдрүүдэд халдвар голомтолж гараад буй газраар ажилчдаа явсан эсэхийг тодруулж, халдварын шинж тэмдэг байгаа эсэхийг асуухыг зөвлөж байна.

Үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа нээгдсэн гээд хэдэн зуун мянган хүний шинжилгээг хийе гэсэн ч эрүүл мэндийн байгууллагын хүчин чадал түүнийг нь дийлэх боломжгүй байна. Иймд гэртээ халдвар хамгааллын дэглэмээ баримталж байсан хүмүүс заавал дахин, дахин шинжилгээ өгөх шаардлагагүйг дахин хэлье.

Харин Улаанбаатар хотоос эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх шалтгаан зэрэг тодорхой нөхцлийн улмаас орон нутгийг зорихдоо заавал шинжилгээ хийлгэх ёстой" гэдгийг хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/831889647373243