Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

ГССҮТ, БГД-ийн нэгдсэн эмнэлэгт очиж ажилласан "Ачтан"-ы эмчийн шинжилгээний хариу гараагүй байна

Г.Номин, iKon.mn
2021 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-"Ачтан" эмнэлгийн халдварын голомт хаанаас эхтэйг тогтоосон уу, өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод эх үүсвэр нь тодорхойгүй халдварын хэчнээн голомт бүртгэгдээд байна вэ?

А.Амбасэлмаа: "Ачтан" эмнэлгийн голомт бол өргөн хүрээтэй. Шинжилгээний хариунууд гүйцэд гарч дуусаагүй байна. Халдварын эх уурхайг олох зорилгоор ажиллаж байгаа бөгөөд хэд хэдэн сэжүүр бий. Нягталж дуусаад та бүхэнд зарлана.

Тус эмнэлгийн ажилчдаас гадна батлагдсан тохиолдлын гэр бүлийн гишүүд халдварт өртсөн.

Улаанбаатар хотод эх уурхай нь тогтоогдоогүй 2, 3 голомт байгааг бид өмнө нь зарлаж байсан. "Мөнххада" компанийн голомтод нийт 17 тохиолдол бүртгэгдээд байгааг үргэлжлүүлэн судалж байна.

Нэг гэр бүл байсан. Тухайн гэр бүлийн халдварын эх уурхай тогтоогдож байгаа.

-ГССҮТ, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд сэжигтэй тохиолдол гарсан гэх мэдээлэл байна. Энэ талаар тодруулж мэдээлэл өгөөч?

-ГССҮТ болон БГД-ийн нэгдсэн эмнэлэг дээр "Ачтан" эмнэлгийн эмч нар очиж үйлчилгээ явуулсан учраас хавьтал гэж үзээд тухайн эмнэлгүүдэд байсан ойрын хавьтал болсон хүмүүсийг шинжилгээнд хамруулсан. 10 гаруй хүний шинжилгээнд урьдчилсан байдлаар халдвар илрээгүй байна. Ачтан эмнэлгийн эмч нар очсон учраас урьдчилан сэргийлэх үүднээс шинжилгээнд хамруулсан нь зөв арга хэмжээ. Тэдгээр эмнэлэгт очсон эмчийн шинжилгээний хариу мөн эцэслэж гараагүй байгаа.

Хаана ч халдвар гарах эрсдэлтэй болсон 

Улсын хэмжээнд шалтгаан нь тодорхойгүй халдварууд гарна. Том дэгдэлтийн дараа олон хавьтлууд гадуур явж байгаа. Энэ үед ард иргэд маань өгсөн зөвлөгөө зөвлөмжийг мөрдөхгүй байна. Шинэ жилийг 2-3 гэр бүл нийлээд тэмдэглэх, баяр тэмдэглэхдээ гаднаас хүн авчирсан тохиолдлууд байгаа учраас халдвар гарах эрсдэлтэй. Хаана ч халдвар гарах эрсдэлтэй болсон гэдгийг анхааруулж хэлмээр байна.

-УОК-оос нэгдүгээр сарын 11-нээс хөл хориог сулруулах мэдээлэл өгсөн. Тэгвэл тэр хүртэл хугацаанд халдварын голомтыг хумьж амжих уу?

Д.Нарангэрэл: Дэлхий дахин цар тахалтай тэмцэхдээ хамгийн түрүүнд хөл хорио тогтоох, хөдөлгөөн хязгаарлах арга хэмжээг авч байна. Улс орон бүр халдварын тархвар судлал, хүн амын онцлогоос хамаараад өөр өөрөөр хөл хориог тогтоож байгаа.

Манай улсын хувьд удахгүй хөл хорио дуусна. Эмч хүний хувьд хөл хориог арай олон хоног үргэлжлүүлэх хувийн бодолтой байна. Гэхдээ ард иргэдийн аж амьдрал, ахуйтай холбогдуулан шийдвэр гарсан байх гэж бодож байгаа. Тархвар судлалын эмч хүний хувьд хэлэхэд энэ богино хугацаанд халдварын голомтуудыг хумих боломжгүй.  Тиймээс ард иргэд маань эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжүүдийг дагаж байж халдварын эрсдэлээс сэргийлнэ.

ВИДЕО: (Бичлэг харагдахгүй бол та ЭНД дарж үзнэ үү)

https://www.facebook.com/iKonNews/videos/1116740028756359

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.