- "Эрдэнэт үйлдвэр"-ийн хувь хүмүүст БЭЛНЭЭР олгосон мөнгө -
Төрийн өмчит компаниудын зарцуулалтын талаар бид мэдээлсээр байгаа. Энэ удаа төсөвт анх удаа нэг их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж буй “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын 2020 оны Шилэн дансны мэдээллээс "бэлнээр" хэмээн зарлагадсан гүйлгээг онцолж байна.
Тус үйлдвэр 2020 оны эхний 11 сард 3.7 их наяд төгрөгийн 4,612 удаагийн гүйлгээ хийжээ. Үүнээс 1.8 их наяд орчим нь зарлага байна.
Тэгвэл 3.8 тэрбум төгрөгийн 41 гүйлгээг “бэлнээр” зарлагадсан нь анхаарал татаж байгаа юм. Үүний дийлэнх буюу 3.3 тэрбум төгрөгийг Бээжин болон Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт шилжүүлжээ. Харин 484,275,289 буюу 484 сая төгрөгийн нэр бүхий долоон иргэнд бэлнээр зарлагаджээ.
Үүнээс "Эрдэнэт үйлдвэр"-ийн төлөөлөгчийн газрын дарга Д.Баярболдод 17 удаагийн гүйлгээгээр нийт 373.5 сая төгрөгийг бэлнээр зарлагадсан нь иргэдтэй хийсэн бэлэн гүйлгээний 77%-ийг эзэлж байна.
График. Хувь хүмүүст бэлнээр шилжүүлсэн гүйлгээ
Сар бүр байрны түрээс гэж 8.27-8.6 сая хүртэл нийт 75.5 сая төгрөгийг бэлнээр өгсөн бол автомашинуудын засвар үйлчилгээнд 2020 оны эхний улиралд нийт 24.5 сая төгрөг зарлагаджээ. Ийнхүү дөрөвдүгээр сард шинэ машин авах зориулалтаар 233,564,198.1 төгрөг өгснийг шилэн дансны гүйлгээнээс харж болно. Мөн гэрээний урьдчилгаа, томилолт гэгчлэн мөнгөнүүдийг өгсөн байх юм.
Эх сурвалж: Шилэн данс
Мөн тэргүүлэх менежер Н.Энхбаатарт байрны түрээсийн зардал хэмээн эхний есөн сард 65.4 сая төгрөг бэлнээр өгсөн бол Ч.Төгөлдөрбалжир гэх иргэнд “ачаа” гэсэн утгаар 10 сая төгрөг бэлнээр олгожээ.
Энэ мэтчилэн хувь хүмүүстэй хийсэн гүйлгээний зарим агуулга тодорхойгүй байгаагаас гадна шийдвэрийн хавсралтуудыг огт оруулаагүй байна.
Бид энэ талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!