Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдөр 70 тонн бодис, 8 тонн давс цацсан. Гадаа их хүйтэн, автомашины хөдөлгөөн бага байгаа тул бодис сайн хайлахгүй байна"

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн үед цаг агаар хүйтэрч байгаатай холбоотойгоор халтиргаа гулгаа их байгаа билээ. 

Иймд нийслэл хотод замын цас цэвэрлэгээ хэрхэн хийгдэж байгаа болон хэчнээн хэмжээний бодис, давс цацаж байгаа талаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэгээс тодрууллаа.

Тэрбээр “Сүүлийн өдрүүдэд гадаа хасах температур өндөр буюу (-30) давж байна. Өнөөдөр зам цэвэрлэгээ, цасны 17 машин болон бүх хог тээврийн машин гарсан. 

Өчигдөр 41 тонн бодис цацсан бол өнөөдөр 70 тонн бодис, 8 тонн давс цацаад байна. Шаардлагатай газруудад цацаж байгаа. Хэдий ингэж цацаж байгаа ч гадаа их хүйтэн, дээрээс нь автомашины хөдөлгөөн бага байгаа учраас бодис сайн хайлахгүй, хүндрэлтэй байгаа. Маргааш нөгөөдөр цас нэмж орно гэж байсан.

Ямартай ч зам талбайн үйлчлэгч нар маань явган хүний зам талбайгаа цэвэрлэн ажиллаж байна. Тодруулбал, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын нийт 276 ажилтан ажиллаж байгаа ба бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор өглөө тав, зургаан цагт ажилдаа гардаг байсан бол одоо долоон цагт гарч байгаа юм. Мөн Цагаан даваа өчигдрөөс хойш нээгдээд үйл ажиллагаа нь жигдэрсэн” гэлээ. 

Нийслэлийн хэмжээнд доогийн байдлаар 2,118 тонн бодис, 373 тонн давсны нөөц байгаа аж. 

2020.11.24-ний байдлаар нийслэлийн хэмжээнд 151.5 тонн давс, 107 тонн тусгай зориулалтын бодисыг нийтийн эзэмшлийн зам, талбайд цацаж халтиргаа, гулгаа үүсэх эрсдэлээс сэргийлж байсан юм. Өөрөөр хэлбэл 11 сартай харьцуулахад өнөөдөр цацсан бодис, давсны хэмжээ багассан байна. 

2019 оны 10, 11, 12 дугаар сар болон 2020 оны нэгдүгээр сард нийт 1,170 тонн бодис, 523 тонн давс цацсан бол 2020 оны 10, 11, 12 дугаар сар болон 2021 оны нэгдүгээр сарын эхэнд нийт 1,523 тонн бодис цацжээ.