Залуу Судлаачдыг Дэмжих Сан ТББ нь “Танин мэдэх аргачлалд суралцах зорилготой залууст сэтгэлгээгээ хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх замаар харилцан үнэ цэн бүтээдэг талбар байна” гэсэн эрхэм зорилготойгоор тогтвортой үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага билээ. Тус байгууллагын үйл ажиллагааны онцлог нь системийн инженерчлэлийн аргыг ашиглан нийгэмд тулгамдаж буй асуудлуудад шийдэл санал болгох судалгааны ажлыг хийж гүйцэтгэдэг явдал юм. Тиймээс ч өөрсдийн мэдлэгийн нөөцөд үндэслэн Боловсролын тухай багц хуулинд өөрчлөлт оруулах, хамтран ажиллах дараах хоёр хүсэлтийг хүргүүлсэн байна. Үүнд:
Монгол улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй боловсролын тухай хууль нь 2002 оны 5 дугаар 3-ны өдөр батлагдаж өнөөдрийг хүртэл 25 удаа нэмэлт өөрчлөлт орсон. Хүрээлэн байгаа орчин тасралтгүй өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор хуулийн зүйл заалт өөрчлөгдөх нь гарцаагүй боловч нэмэлт өөрчлөлтүүд нь системийг бүхлээр нь бус хэсэгчлэн судалж шийдлүүдийг боловсруулсанаас нэмж оруулсан өөрчлөлтүүд нь боловсрол олгох үйл ажиллагаанд тулгардаг олон асуудлуудыг шийдвэрлэх нь бүү хэл олон асуудлуудыг үүсгэж байна. Энэхүү эцэс төгсгөлгүй өөрчлөлтүүдээр туршилтуудаа хийдэг практикийг нэн даруй зогсоохгүй бол бидний ирээдүй болсон хүүхэд багачуудын эрх ашиг ноцтой хохирч байгааг бид анхааралдаа авах цаг нь болсон хэмээн үзэж “ЗСДС” ТББ-н зүгээс боловсролын тухай багц хуулинд өөрчлөлт оруулах аливаа өөрчлөлтийг санаачилахаас өмнө авах арга хэмжээнүүдийг хүсэлтэндээ тусгаж, авч хэрэгжүүлэхийг санал болгосон байна.