Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

"ХСҮТ-д нас барсан иргэн амьсгалын замын өвчний зовуурь хэлээгүй, хавдрын хордлоготой ирж эмнэлгийн тусламж авсан"

Г.Номин, iKon.mn
2020 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал эмнэлгийн тусламж үйлчилгээ болон коронавирусийн халдвараар өвчилж эмчилгээ хийлгэж байгаа иргэдийн биеийн байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “ХӨСҮТ-д биеийн байдал маш хүнд нэг хүн байсан бөгөөд хүнд ангилал руу шилжсэн. Цэргийн төв эмнэлэгт маш хүнд байсан гурван хүний нэг нь хүнд рүү шилжсэн байна. Маш хүнд хоёр хүний нэг нь 81 настай эрэгтэй хүн бөгөөд зүрхний шигдээстэй, тархины цус харвалттай, коронавирусийн шинжилгээний хариу сөрөг гарсан, халдвар эмчлэгдсэнийг илтгэх эсрэг бие үүссэн. Тухайн өвчтөний эмчилгээн дээр УНТЭ, УХТЭ, УГТЭ-ийн эмч нар хамтран ажиллаж байна. Биеийн байдал нь тогтвортой болохоор холбогдох эрүүл мэндийн байгууллага руу нь шилжүүлнэ.

Дараагийн маш хүнд байгаа өвчтөн бол 73 настай эмэгтэй. Тухайн өвчтөний хувьд арванхоёрдугаар сарын 23-ны шөнө БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс шилжиж очсон. Онош нь сүрьеэгээр өвчилж байсан үлдэцтэй, артерийн даралт ихсэлт,  цус багадалтын маш хүнд хэлбэртэй, уушгиндаа хатгалгаатай хүн эмчлэгдэж байна.

БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт байгаа дөрвөн хүүхэд, хоёр насанд хүрэгчдийн биеийн байдал тогтвортой байгаа.

Хавдар судлалын үндэсний төвд нас барсан тохиолдлыг өчигдөр хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллээ. Тухайн хүний хувьд 60 настай эмэгтэй. Арванхоёрдугаар сарын 19-нд эмнэлэгт унтаа байдалтай ирээд, хар хүрэн өнгөтэй бөөлжиж, эмчийн өгсөн командыг ойлгож байгаа мэт боловч хариу үйлдэл үзүүлж чадахгүй биеийн байдал маш хүнд байсан. Ингээд 4 цаг гаруй эмчилгээ хийлгэсэн байна. Эмчилгээ хийлгэх үед амьсгалын замын өвчний зовуурь хэлээгүй. 2018 онд элэгний зүүн дэлбэнгийн хавдартай гэж оношлогдсон хүн байсан. Элэгний хорт хавдрын хожуу шатанд, хавдрын хордлоготой эмнэлэгт ирээд тусламж авч байгаад нас барсан. Тухайн үед өвчтөнөөс хамар залгиурын шинжилгээ авах боломжгүй байсан бөгөөд арванхоёрдугаар сарын 25-ны өглөө 07:00 цагт ар гэрийнхэн нь шарилыг авсан.

ХСҮТ дотор эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа. 114 өвчтөн, 44 сахиур эмнэлэгт байна. Гадна талдаа тус төвийн тусламж үйлчилгээг улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ, БГД-ийн эрүүл мэндийн төв, Амгалан амаржих газар руу шилжүүлэн хийж байгаа.

Аймаг, дүүргийн эмнэлгүүд хими эмчилгээг хийж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд ХСҮТ-ийн гадна байгаа эмч нар очих, онлайнаар зөвлөгөө өгөх үйл ажиллагааг хийж байна.

Цэргийн төв эмнэлгийн хувьд халдварын батлагдсан тохиолдлуудын 70 орчим хувийг хүлээн авч эмчлэн өндөр ачаалалтай ажиллаж байгаа” хэмээн ярилаа.

ВИДЕО: 

https://fb.watch/2F11UrD1rK/
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.