Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

"ЭМЯ-ны зарим албан хаагч шинээр байгуулагдсан Эм эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан агентлаг руу шилжин ажиллах шийдвэр гарсан"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

Эрүүл мэндийн яамны ажилтан, албан хаагчдын халаа, сэлгээтэй холбоотой ташаа мэдээлэлд ТЗУГ-ын Дарга П. Эрхэмбулган тайлбар өглөө.

Тэрээр “Зарим хэвлэл мэдээлэл, сошиал орчинд буруу ташаа ойлгогдохоор мэдээлэл яваад байна. Засгийн газрын 155 дугаар тогтоолоор аравдугаар сарын 21-ний өдөр яамны бүтэц чиг үүрэг зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ЭМЯ-д чиг үүргийн бүтцийг баталгаажуулсан шийдвэр Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар гарах ёстой байдаг.

Уг тогтоол албажих явцад дотоодод коронавирусийн халдвар бүртгэгдэж эхэлсэн. Тэгээд төрийн албаны тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор ЭМЯ хуучин бүтэц, чиг үүргийнхээ дагуу үйл ажиллагаагаа явуулъя гэх шийдвэр гараад өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсан юм.

Засгийн газрын тогтоолыг нэгэнт хэрэгжүүлэх шаардлагатай учраас арванхоёрдугаар сарын 22-ны өдөр албан хаагчдыг шинэ бүтцийн дагуу байршуулж, томилох үйл ажиллагаа явагдсан. Өөрөө хэлбэл хуучин бүтцийн дагуу байршин ажиллаж байсан ажилчдыг чөлөөлж, шинэ бүтцийн дагуу томилох ажиллагаа явагдаж байгаа.

Ажлаас халах мэдэгдэл авсан нэг ч албан хаагч байхгүй. Хуулийн дагуу сонсох үйл ажиллагаа гэж явагддаг. Тодруулбал,  тухайн ажлын байранд ажиллаж байсан хүн аль ажлын байр руу шилжиж байгааг урьдчилж танилцуулдаг. Захиргааны акт сонсгодог үйл ажиллагаа бүх албан хаагч дээр хийгдсэн.

Нэг зүйлийг тодруулбал, шилжүүлэн ажиллах тушаал гарсан нь Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Эм эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан агентлаг байгуулагдаж байгаа. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаа нь эхлэх Засгийн газрын тогтоол гарсан. Тэгэхээр яаман дээр тус ажлыг хариуцдаг байсан зарим албан хаагч шинэ агентлаг руу шилжиж ажиллахаар шийдвэр гарсан юм" гэв. 

Мөн "Эрүүл мэндийн даатгалын газрын чиг үүргийн хүрээнд Засгийн газрын тогтоолоор өргөтгөсөн шийдвэр арваннэгдүгээр сарын 11-ний өдөр гарсан. Энэ байгууллагад шилжиж ажиллах тодорхой тооны албан хаагчид бас бий.

Эдгээр ажилчид чухал даалгавар авч шилжиж ажиллаж байгаа гэсэн үг. Ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн хүн нэг ч байхгүй.

Засгийн газрын тогтоолоор баталсан 100 орон тоо байгаа. ЭМЯ-ны албан хаагчдын дотор байршуулан томилох, шилжүүлэн томилох, сэлгэн томилох асуудал л яригдсан гэж ойлгож болно.

Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн салбарт хэрэгжих чухал арга хэмжээ тусгагдсан байдаг. Үүний хүрээнд бүтцийн өөрчлөлтүүд хийсэн. Бусад яаман дээр ч хийгдэж байгаа" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: