Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Цар тахлаас сэргийлэх, тэмцэх тухай хуульд оруулах Монголбанкны санал

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжих хугацаа арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болж буй тул тус хуулийг үйлчлэлийг сунгаж, нэмэлт өөрчлөлт оруулах талаар байнгын хороод хэлэлцэж байна.

Тэгвэл уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад төв банк дараах саналуудыг гаргаж байгааг  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулжээ. 

Монголбанкны гаргаж буй санал:

Банкны салбарын эх үүсвэрийн зардлыг бууруулах, төв банкнаас эх үүсвэр олгох хүрээнд  

  1. Цар тахлын үед банкнаас харилцагчтай хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулах, хадгалуулагчтай байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болж гэрээний хугацааг сунгахад мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээ нь банкуудын нийтэд зарласан хугацаатай хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгээс хэтрэхгүй байна.
  2. Цар тахлын үед банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй.
  3. Банкны тусгай хадгаламжийн дансанд энгийн хадгаламжийн хүүгээр хүү тооцох.
  4. Төв банк банканд зээл олгохоос гадна банкнаас үнэт цаас худалдан авах зохицуулалтыг нэмэх.
  5. Энэ хуулийн үйлчлэх хугацаанд гадаад валютын хадгаламжийн гэрээг байгуулсан хугацаанаас үл хамааран банкны нийт гадаад валютын хадгаламжийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан албан журмын даатгалд хамруулахгүй бөгөөд нөхөн төлбөрийг гадаад валютын хадгаламжид олгохгүй.

Ипотекийн зээл, түүний төлбөрийг хойшлуулах хүрээнд 

  • Ипотекийн зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хойшлуулж, зээлийн гэрээний хугацааг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ.
  • Түрээслэх хөлслөх байдлаар өмчлөлд шилжих нөхцөлтэй зээлийн тусгай бүтээгдэхүүн гаргах буюу уг бүтээгдэхүүнийг санхүүжүүлэх зорилгоор хөлс, түрээсийн орлого, шаардах эрх зэрэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг нэрлэсэн үнээр худалдан авна.

Зохицуулалтыг боловсронгуй болгох хүрээнд  

  • Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэн, хуулийн этгээд хоорондын мөнгөн төлбөрийн үүрэг, гүйлгээг гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно.
  • Ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүн гаргаж, санхүүжүүлэх зорилгоор Монголбанк үнэт цаасыг худалдан авч болно.
  • Цар тахлын үед хадгаламжийн гэрээг байгуулсан хугацаанаас үл хамааран банкны нийт гадаад валютын хадгаламжийг албан журмын даатгалд хамруулахгүй, нөхөн төлбөрийг олгохгүй. Мөн банкны төгрөгийн хадгаламжийн даатгалын улирлын хураамж төлөх үүргийг түр хойшлуулан сунгана.  

Цахим хэлбэрээр гэрээний хугацааг сунгах хүрээнд 

  • Цахим гарын үсгийн тухай хуульд, тус хуулийн 18 дугаар зүйлд заасан гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Төв банк /Монголбанк/-нд олгож болно гэсэн заалт нэмэх.
  • Банкнаас цахим хэлбэртэй үйлчилгээнд тухайн банканд данстай, санхүүгийн тогтвортой харилцаа үүсгэсэн этгээдийн баталгаат цахим шуудан, эсхүл техникийн хэрэгсэл, программ хангамж, нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, тоон гарын үсэг зэргийг ашиглан гаргасан саналыг банк хүлээн авсан бол хэлцэл хийсэн, гэрээ байгуулсанд тооцно.
  • Цахим хэлбэрээр ипотекийн зээл болон бусад зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой журмыг Монголбанк батална.

Хамтын ажиллагааг хангах, харилцан мэдээлэл солилцох хүрээнд

  • Төрийн бусад байгууллагаас Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн нөөцийг бий болгох зорилгоор шинээр үйлдвэрлэсэн мөнгөн тэмдэгтийг улсын хилээр саадгүй нэвтрүүлэх, тээвэрлэлтийн хэвийн нөхцөлийг хангах талаар шаардлагатай арга хэмжээ авна.
  • Цар тахлын үед Засгийн газар, төрийн бусад байгууллага, аж ахуйн нэгжтэй цар тахлын хүрээг тогтоохтой холбоотой тоон мэдээ, мэдээллийг шуурхай харилцан солилцож хамтран ажиллана.

Эрх зүйн хамгаалалтын хүрээнд  

  • Энэ хуульд заасан үндэслэл, журам, эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж, арга хэмжээ авсантай нь холбогдуулан хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтанд аливаа хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй. 

Монголбанк Коронавируст халдвар/Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын дэд хэсэгт орж хамтран ажиллах саналтай байна гэжээ.