Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

12 дугаар сарын 18-ны 06:00 цагаас эхлэн Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг ЗОГСООНО

Х.Алтанзагас, iKon.mn
2020 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2020 оны 12 дугаар сарын 18-ны 06:00 цагаас эхлэн Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг зогсооно. Харин зайлшгүй шаардлагатай буюу оршуулгын ажил, хүнс, шатахуун, эм, эмийн хэрэгсэл тээвэрлэж буй хөдөлгөөнийг хязгаарлахгүй аж.

Энэ талаар Автотээврийн үндэсний төвийн зорчигч тээврийн тасгийн дарга Г.Дуламсүрэн "УОК-оос 2020 оны 11 дүгээр сарын 25-нд батлагдсан “Зорчигч тээврийг зохицуулах түр журам”-ын дагуу Улаанбаатарт гацсан иргэдийг гаргах ажлыг 12 дугаар сарын 1-10-ны хооронд зохион байгуулсан. 

Гэвч зарим иргэний PCR шинжилгээний хариу гараагүй байсныг үндэслэн дээрх хугацааг 12 дугаар сарын 14-нийг хүртэл сунгасан юм. Өөрөөр хэлбэл журмын 2.8-д PCR шинжилгээ өгсөн боловч гарч амжаагүй иргэдийг 12 дугаар сарын 14-18-ны 06:00 цаг хүртэл гаргах ажлыг зохион байгуулна гэж заасан.

Мөн журамд 2020 оны 12 дугаар сарын 18-ны 06:00 цагаас Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг зогсооно гэсэн өөрчлөлт орсон. Энэ дагуу маргааш өглөө хотоос гарах зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсооно. Иргэд хувийн машинаараа ч хотоос гарахгүй гэсэн үг.

Зайлшгүй шаардлагатай буюу буяны ажилтай, албан томилолт, хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгслийн ачаа тээвэрлэлтийг явуулна. Бусад хөдөлгөөнийг хязгаарлана гэж ойлгох нь зүйтэй.

Энэ хязгаарлалт нь 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл байна гэж түр журмын 2.7-д заасан байгаа.

Коронавирусийн тархалтын улмаас хөл хорионд орж, Улаанбаатарт гацсан орон нутгийн иргэдийн ихэнх нь явсан.

PCR шинжилгээ өгсөн 100,000 иргэнээс 60,000 нь буцсан. Зарим аймаг руу автобус дүүргэлт багасаж, явах иргэд цөөрсөн. Өнөөдөр зорчигч тээврийн хамгийн сүүлийн автобус яваад хөдөлгөөн хаагдана.

2020 оны 12 дугаар сарын 24-нөөс зорчигч тээврийн хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.

Улаанбаатар руу ирж байгаа иргэдийг нэвтрүүлэх бөгөөд хэрэв халдвар бүртгэгдсэн аймгаас ирж байгаа бол PCR шинжилгээний бичгийг шаардана" хэмээн ярилаа.

ЭМЯ-наас өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай гэсэн зургаан аймагт коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна. Эдгээр аймгаас ирэх иргэдээс заавал шинжилгээний бичиг шаардах аж.

Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн явуулна

Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтэс: Улаанбаатар хотод байгаа орон нутгийн харьяалалтай иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний 06.00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 18-ны 06.00 цаг хүртэл буюу дөрөв хоногийн хугацаанд гаргана. Иргэд PCR шинжилгээ заавал өгсөн байх ёстой.

Үүнээс гадна 12 дугаар сарын 24-н хүртэл хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан автотээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажилд оролцох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн явуулна.

Бусад тохиолдолд хотоос аймаг, сум чиглэсэн хөдөлгөөний хязгаарлалт дээрх хугацаанд хэвээр үргэлжилнэ.

"Ковид-19"-ийн халдвар гараагүй аймаг, сумаас Улаанбаатар хот руу ирэх иргэд асуумж бөглөнө. Халдвартай аймаг, сумаас ирэх бол PCR шинжилгээ өгөх ёстой, тухайн орон нутагт PCR аппарат байхгүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөх ёстой юм.