Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Дөлгөөн: Оюутны сургалтын төлбөрийн зээлийн асуудлаар УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлнэ

ikon.mn
2020 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: Монголын Оюутны холбоо

Монголын Оюутны Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга (Генсек) Э.Дөлгөөнтэй боловсролын зээлийн сангийн тухай ярилцлаа

-“Боловсролын зээлийн сан”-гийн оюутны хөгжлийн зээлийн асуудал оюутнуудын дунд нэлээд их яригдаж байна. Оюутны хөгжлийн зээлийг хэзээнээс, ямар зорилгоор олгож  эхэлсэн бэ. Ярилцлагаа энэ талаар эхэлье?

-Боловсролын зээлийн сан нь төрийн зүгээс дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагч, оюутан залууст боловсрол эзэмшихэд нь зориулж суралцагчийн тэтгэлэг, буцаан төлөх нөхцөлтэй сургалтын төлбөрийн зээл олгох зэрэг дэмжлэг үзүүлдэг байгууллага юм. Тус зээлийг Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны зорилтод оюутны хөгжлийн зээлийг иргэнд ойртуулах зорилго тавьсан.

2016-2017 оны хичээлийн жилд 5 хувийн хүүтэй, банкны барьцаа шаарддаг байсныг 2018 онд хүүгүй, барьцаагүй, гэр бүлд санхүүгийн дарамтгүй болгох зорилгоор зээл олгох журмыг өөрчилсөн.

-Боловсролын зээлийн санд сүүлийн жилүүдэд хэчнээн оюутнууд хамрагдсан бэ. Мөн оюутнуудад ямар асуудлууд тулгараад байна вэ?

-Боловсролын зээлийн санд 2017-2019 онд нийт 27,882 оюутан хамрагдаж, 40 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. 

2019-2020 оны хичээлийн 2-р семестрт 1,970 оюутан, 2020-2021 оны хичээлийн жилийн нэгдүгээр семестрт 8,226 оюутнууд оюутны хөгжлийн зээлд хамрагдахаар хүсэлтээ гаргасан ч 2020 оны “Боловсролын зээлийн сангийн талаар авах арга хэмжээний тухай” 70 дугаар тогтоолоор батлагдан “Оюутны хөгжлийн зээл” олгох үйл ажиллагааг зөвхөн “Тэргүүлэх мэргэжлийн чиглэл”-ээр суралцаж буй оюутнуудад олгохоор болсон. 

Мэргэжил харгалзан тус зээлийг олгох нь олон мянган оюутан, залуучууд хичээл завсардах, оюутны ар гэрт эдийн засгийн дарамт учрах, оюутан хүссэн мэргэжлээрээ суралцах боломжийг хаах, мэргэжлээ сонгох зэрэг хүний сурч боловсрох эрх, үндсэн эрхийг зөрчиж буй үйлдэл юм.

-Монголын Оюутны Холбоо ямар байр суурьтай байна вэ. Энэ асуудал дээр хэрхэн ажиллаж байгаа вэ?

-Манай байгууллагаас 2020 оны гуравдугаар сараас эхлэн оюутны эрхийн асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны яаманд удаа дараа алба бичиг, хүсэлтүүд хүргүүлсээр ирсэн. Тодорхой асуудлууд ч шийдэгдсэн байгаа. Эдгээр бүх хүсэлтээ Боловсролын зээлийн сангийн талаарх санал, байр сууриа илэрхийлсээр ирсэн.

Гэвч “улсын төсвөөр шийдэгдэнэ, засгийн газраас тодорхой хариу гараагүй байгаа, ковидтой холбоотойгоор хойшлогдож байгаа, нааштай шийдэгдэнэ” гэх зэрэг хариу өгч байсан.

Одоог хүртэл БШУЯ-ны холбогдох мэргэжилтнүүд “яам чадлаараа оюутны талд шийдэх гэж хичээж байна” гэсэн хариултуудыг өгч байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бид томоор харах хэрэгтэй. Энэ жил зээлд хамрагдахгүй хэдэн мянган оюутнаас гадна төрөөс улс орны ирээдүй болсон оюутнаа хэрхэн анхаарч байгааг харах боломжтой. Мөн энэ асуудлыг яамны мэдлээр шийдэхгүй, Улсын Их Хурлаар шийдэгдэнэ.

Төр эдийн засгийн ямар ч хүндрэлтэй байсан боловсрол, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг зайлшгүй олгож, хасахгүй байх хэрэгтэй, тэр байтугай тус салбарт онцгой байдлын үеийн санхүүжилт хүртэл нэмж төсөвлөх ёстой.

Гэвч Монгол улсын засгийн газар дээрх шийдвэрийг гаргаснаараа төр нь Олон улсын гэрээ, конвенцоор болон Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, олон мянган оюутан залуучуудын эрхийг зөрчсөн, түүнчлэн эрх барих нам болох “Монгол Ардын Нам”-ын мөрийн хөтөлбөрийн 1.4.23-т “Боловсролын зээлийн сангийн хүртээмжийг нэмэгдүүлж, оюутан ар гэртээ санхүүгийн дарамтгүйгээр суралцах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж заасан амлалтаасаа буцаж байна.

Монголын Оюутны Холбоо энэ асуудалд төрийн байгууллага болон холбогдох албан тушаалтнууд болох Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Сангийн Сайд Ч.Хүрэлбаатар, Боловсрол Шинжлэх Ухааны Сайд Л.Цэдэвсүрэн болон УИХ-ын гишүүдэд оюутан, залуучуудад олгож буй тус санхүүжилтийг зардал бус ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт хэмээн харж “Оюутны хөгжлийн зээл”-ийг мэргэжил харгалзахгүйгээр олгон цар тахалтай хүнд хэцүү цаг үеийг хамтдаа даван гарахад онцгой анхааран ажиллах тухай хүсэлтийг хүргүүлсэн.

-Монголын Оюутны Холбоо цаашдаа ямар арга хэмжээ авч ажиллах вэ? 

Хэрвээ бидний хүсэлтийг хүлээн авахгүй бол Олон улсын байгууллагуудад хандах, УИХ гишүүд, Засгийн газрын гишүүдийн сошиал хуудсууд руу мессеж, захидал, уриалга, шаардлагыг хүргүүлэх, бүр цаашлаад Элчин сайдуудад хандах, хичээл хаялт зарлах гэх мэтчилэн арга хэмжээ, акцуудыг Монголын оюутны холбооны зүгээс шат дараалан явуулна гэдгээ мэдэгдэж байна.