Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны товыг жич зарлахаар болжээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Хохирогчийн өмгөөлөгч нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргаснаар түр хойшилсон Б.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны товыг жич зарлахаар болжээ. 

Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 525 дугаартай шийтгэх тогтоолтой, Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарт холбогдох эрүүгийн хэргийг хохирогч Ш.Баярсайханы өмгөөлөгч Д.Баттулга, шүүгдэгч Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа, шүүгдэгч Б.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун, Д.Отгонбат, Б.Отгонтөгс нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг 12 дугаар сарын 8-нд хянан хэлэлцсэн. 

Энэ явцад хохирогч Ш.Баярсайханы өмгөөлөгч Э.Билгүүн, Д.Хишигбаяр, Д.Баттулга нарын гаргасан “...шүүх бүрэлдэхүүнээс татгалзах...” тухай хүсэлтийг хуульд зааснаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлэх тул шүүгдэгч Б.Эрдэнэбат, цагаатгагдсан этгээд Д.Сэргэлэн нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааны товыг жич зарлан хэргийн оролцогч нарт мэдэгдэхээр хойшлуулсан хэмээн Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн тамгын газраас мэдээлэв.



Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад /Мөнгө угаах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 8 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд хэлэлцээд:

  • Шүүгдэгч Б.Эрдэнэбатыг залилах гэмт хэргийг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бусдад их хэмжээний хохирол” учруулсан, мөн мөнгө угаах гэмт хэргийг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож 7 жилийн хорих ял оногдуулж ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр,
     
  • Шүүгдэгч Д.Сэргэлэнг гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэсэн нь нотлогдон тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа.

Мөн шүүгдэгч Б.Эрдэнэбатаас 20 тэрбум 6 сая 375 мянган төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Баярсайханд олгуулахаар тус тус шийдвэрлэсэн юм.