Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Сэлэнгээс 10 настай хүүхэд хүнд байдалтай тээвэрлэгдэж ирсэн учраас стандартын дагуу бүх оношилгоо, эмчилгээг хийсэн"

Н.Урантулга, iKon.mn
2020 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сэлэнгэ аймгийн Мандал сумаас ЭХЭМҮТ-д ирж эмчлүүлж байгаад нас барсан 10 настай хүүхдийн талаар тус төвийн Чанарын албаны дарга н.Оюунчимэг мэдээлэл өглөө.

Тэрбээр "Арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын эмнэлгээс 10 настай хүүхэд ЭХЭМҮТ-д ирсэн. Бид 22-н товчоон дээрээс тосож авахаар мэдээлэл аваад очиж байхад товчоогоор хот руу нэвтрээд ороод ирсэн байсан бөгөөд 20-ны өдрийн 20:00 цагт манай Яаралтай тусламжийн тасагт орж ирсэн. Журмын дагуу коронавирусийн голомттой газраас ирсэн учраас шинжилгээ аваад, тусгаарлаж, шинжилгээний хариуг хүлээх хугацаандаа нэг эмч, нэг сувилагчийг тусад нь гаргаж тухайн хүүхдэд эмчилгээ хийж байсан. Шинжилгээний хариу 21-ний өглөөний 05:00 цагт гарсан бөгөөд сөрөг гарсан тул холбогдох шинжилгээг хийгээд эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн байгаа.

Эрчимт эмчилгээний тасаг дотор мөн тусгаарлах өрөөтэй. Тэр өрөөндөө оруулж нэг эмч, нэг сувилагчийг зөвхөн тэр хүүхдийн эмчилгээн дээр ажиллуулсан. Тархинд нь цус харвасан биеийн байдал нь маш хүнд байсан бөгөөд гурван өдөр дараалан 24 цагаар гурван баг ажилласан. Сэхээний тасагт нэг эмч жижүүрлэж ажилладаг бол тухайн хүүхэд маш хүнд байсан учраас нэг эмч дангаараа хүүхдийг хариуцан, тус тасагт хоёр баг ажиллаж байсан. Бүх эмчилгээ улсын стандарт, зааврын дагуу хийгдсэн. Хүүхдийг хүлээж авангуутаа эмчилгээ хийхгүй байна гэж хэзээ ч байхгүй. Хүүхэд хүнд байдалтай тээвэрлэгдэн ирсэн учраас стандартын дагуу бүх оношилгоо, эмчилгээг хийсэн.

Ээжийнх нь шинжилгээний хариу 22-ны өглөө 10:00 цагийн үед сөрөг гарснаа мэдэгдээд 12:00 цагт эмнэлэг дээр ирсэн. Ээж нь ирээгүй байсан хоёр хоногийн хугацаанд эмч нар тогтмол хүүхдийн биеийн байдлыг ээжтэй нь утсаар холбогдон танилцуулж байсан. Ингээд 20-ны өдөр ирсэн хүүхэд эмчилгээ хийлгэж байгаад 25-ны өдөр нас барсан. Энэ хүүхдэд хийгдсэн оношилгоо, эмчилгээ стандарт удирдамжийн дагуу үнэн зөв хийгдсэн хэмээн чанарын алба дүгнэж байгаа. Задлан шинжилгээгээр хүүхдэд хийгдсэн оношилгоо, эмчилгээ онош тохирсон” хэмээн ярилаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/698849911026526