Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Кёкүшюзан Батбаяр, Б.Цэрэндорж нарыг залилсан Ц.Алтанцагт дөрвөн жилийн хорих ял оноожээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Ц.Алтанцагт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцжээ. 

Тодруулбал, тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Алтанцагт холбогдууланЭрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн” мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдыг эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. 

Шүүхээс шүүгдэгч Ц.Алтанцагийг “...хохирогч Д.Кёкүшюзан Батбаяр, хохирогч Б.Цэрэндорж нартай “эмчилгээний мөнгө хэрэгтэй байна” гэж уулзах үедээ нууцаар бичлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн, бичлэгүүдээ эвлүүлж хохирогч нараас эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардан, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлж, эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Алтанцагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар