Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгост өнөөдөр 500,000 орчим сурагч их сургуулийн элсэлтийн шалгалт өгч байна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу Пүрэв гарагт Өмнөд Солонгос улсад 500,000 орчим сурагч их сургуулийн элсэлтийн шалгалтаа өгч байна.

Сэтгэл зүйн маш их дарамтан дор болдог энэ арга хэмжээ тус улсад коронавирусийн цар тахлын гурав дахь давалгаа эхэлж буй үед тохиож байгаа тул илүү хүнд хэцүү нөхцөлд болж байна.

CSAT (College Scholastic Ability Test) нэртэй энэ шалгалт нийт найман цаг үргэлжилж, солонгос хэл, математик, англи хэл, түүх, нийгмийн ухаан, хоёр дахь гадаад хэл гэсэн зургаан хичээлээр ар араас нь дараалан сорил авдаг.

Шалгалтын үр дүн тухайн хүүхдийн ирээдүйн амьдралд шууд нөлөөлдөг гэж үздэг тул уг арга хэмжээнд Өмнөд Солонгос даяар онцгой анхаарал хандуулдаг байна.

Энэ үеэр шалгалт өгч буй хүүхдүүдийн сонсох сорилд саад хийхгүйн тулд нисэх онгоцнуудыг газардуулж, эцэг эх, хүүхдүүдийг шалгалтаас хоцроохгүйн тулд албан байгууллагууд ажил эхлэх цагаа хойшлуулдаг. Цэргийн сургуулилалтыг зогсоож, хөрөнгийн биржийн арилжаа нээгдэх цагийг хүртэл хойшлуулдаг байна.

Эцэг эхчүүд хүүхдээ дөрвөн наснаас нь CSAT шалгалтад бэлдэж эхэлдэг тул маш их өрсөлдөөнтэй болдог. Энэ жилийн шалгалтын үеэр коронавирусийн халдвар тараахгүйн тулд засгийн газар олон арга хэмжээ авчээ. Тухайлбал сурагчид амны хаалт зүүж, хуванцар таславчаар тусгаарлагдсан ширээнд сууна. Уух ус, өдрийн хоолоо өөрсдөө авчрах ба завсарлагааны үеэр хоорондоо уулзах, ярилцахыг нь хоригложээ.

Сурагч бүрийн биеийн халууныг хэмжиж, халдварын шинж тэмдэгтэй хүүхдүүдийг тусдаа өрөөнд суулгах гэнэ.

Энэ бүх арга хэмжээнүүд хүүхдүүдэд сэтгэл зүйн нэмэлт дарамт учруулж, шалгалын үр дүнд нөлөөлөх вий гэсэн айдас эцэг эхчүүдийн дунд бий болж, зарим нь эсэргүүцлээ илэрхийлснийг хэвлэлүүд мэдээлжээ.

 

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин цар тахлын үед элсэлтийн шалгалтыг зохион байгуулж байгаадаа олон нийтээс уучлал гуйсан юм.

Энэ оны дөрөвдүгээр сард парламентын сонгуулийг аюулгүй зохион байгуулж чадсан тул элсэлтийн шалгалтыг мөн адил амжилттай зохион байгуулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа тэр илэрхийлжээ.

Гэхдээ 490,000 орчим хүүхэд зэрэг шалгалт өгч, 23,000 орчим хянагч ажиллахын хажуугаар олон мянган эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ төлөө залбирахаар сүмд очдог тул коронавирусийн халдвар тарах эрсдэл өндөр болохыг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрч байна.

 

Эх сурвалж: BBC