Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улсад нэг өдрийн дотор хамгийн олон Covid-19 халдварын тохиолдол бүртгэгдлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн 24 цагийн хугацаанд Япон улсад коронавирусийн халдварын 2,191 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Ерөнхий сайд Ёшихиде Сүга тус улсын онц байдлын зэрэглэл хамгийн дээд түвшиндээ хүрснийг өнөөдөр зарласан байна.

Тэрбээр өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр халдвараас урьдчилан сэргийлэхэд бүх анхаарлаа хандуулахыг ард иргэдэдээ уриалжээ. Мөн засгийн газрын сайд нартаа эрсдэл өндөртэй газруудад оношилгооны хүчин чадлаа нэмэгдүүлэх даалгавар өгсөн байна.

“Олуулаа нэг ширээний ард зоог барих үед халдвар тарах эрсдэл өндөр байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Хоолны ширээний ард ярилцахдаа хүртэл амны хаалт зүүхийг тэд зөвлөж байгаа. Тиймээс хоол зооглохдоо бага ярьж, амны хаалтаа зүүж байхыг уриалж байна. Би ч гэсэн энэ зөвлөгөөг өнөөдрөөс эхлэн дагах болно” гэж Сүга ярьжээ.

Сүүлийн нэг өдөрт нийслэл Токио хотод халдварын 493 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь мөн цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Хамгийн сүүлд наймдугаар сарын 27-ны өдөр 472 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх хамгийн өндөр үзүүлэлт байв. Япон улсад өнөөдрийн байдлаар Covid-19 халдварын нийт 123,578 тохиолдол бүртгэгдэж, 1,935 хүн нас бараад байна.

Үүнээс 35,723 тохиолдол нь нийслэл Токио хотод бүртгэгджээ.

 

Эх сурвалж: CNN