Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн дотоодын халдварын тоо гурваар нэмэгдэж, 20 боллоо

Г.Номин, iKon.mn
2020 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Манай улсад COVID-19-ийн дотоодын халдварын тоо гурваар нэмэгдэж, 20 боллоо.

2020 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн 17:00 цагийн байдлаар ачаа тээврийн жолоочийн голомтот халдварын батлагдсан тохиолдол хоёроор, ХӨСҮТ-ийн эмч ажилчдын дундах халдварын тоо нэгээр нэмэгдэв.

График 1. Нийт батлагдсан тохиолдолд эзэлж буй дотоодын халдвар

Дотоодын халдвар гурван газарт голомтлон гарсан хэмээн үзэж буй. Үүнд:

  1. ХӨСҮТ-ийн эмч ажилчид
  2. Ачаа тээврийн жолоочийн/Улаанбаатарт бүртгэгдсэн/
  3. Сэлэнгийн халдварууд батлагдан, тандалт судалгаа үргэлжилж байна.

Эдгээр гурван голомтод батлагдаад байгааг тохиолдлуудыг ялган харвал,

  • ХӨСҮТ-ийн эмч ажилчдаас найман хүнд/дөрвөн эмч, хоёр сувилагч, хоёр асрагч/ халдвар илрээд байгаа. Эхний халдвар арваннэгдүгээр сарын 6-нд сувилагчаас илэрсэн бөгөөд хамт ажиллаж байсан багийнхныг нь давтан шинжилгээнүүдэд хамруулсаар байгаа юм. Хамгийн сүүлд буюу өнөөдөр 17:00 цагийн мэдээллээр дахин нэг эмчээс халдвар илэрч, нийт 8 тохиолдол боллоо.
  • Улаанбаатарт бүртгэгдсэн ачаа тээврийн жолооч болон түүний эхнэрээс арваннэгдүгээр сарын 10-нд халдвар илэрсэн бол 11-нд тэдний ойрын хавьтал болох ээж, дүүгээс нь, 12-нд дүүгийнх нь ойрын хавьтал хоёр оюутнаас, 13-нд жолоочийн 4 настай хүүхдээс халдвар илрээд байсан бол өнөөдрийн 17:00 цагийн байдлаар халдварын хоёр тохиолдол нэмэгдсэнийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ.
  • Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн халдварын гурван тохиолдлын онош нэг өдөр буюу арваннэгдүгээр сарын 13-нд батлагдсан бөгөөд 14-ний өдрийн 17:00 цагийн байдлаар халдварын тохиолдол нэмэгдээгүй байна.

График. Монгол Улсад батлагдсан COVID-19-ийн нийт тохиолдол  

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.