Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатар хот болон орон нутгийн замын хөдөлгөөн бүрэн хязгаарлагдсан"

А.Намуун, iKon.mn
2020 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатар хот доторх автомашины хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ аваад буй.

Тэгвэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд үйл ажиллагааг нь хязгаарлаагүй байгууллагуудаас бусад тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй гэдгийг ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд сануулав.

"Хязгаарлалтад ороогүй байгууллагад ажилладаг иргэд ажлын үнэмлэхээ заавал биедээ авч явах шаардлагатай"

Тэрбээр хэлэхдээ “Өчигдөр иргэдийг онц шаардлагагүй бол хөдөлгөөнд оролцохгүй байхыг уриалж байсан бол өнөөдрөөс шаардаж, цагдаагийн байгууллагаас хязгаарлалтыг тавиад эхэлсэн. Иймд иргэд өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, гэрээсээ битгий гаргаарай. Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн та бүхний аюулгүй байдлыг хангахын төлөө ажиллаж байна.

Өнөөдрийн тухайд Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой болон иргэдийн хүнсийг хурдан шуурхай хүргэх зорилгоор 13 төрлийн үйлчилгээ үзүүлж буй тээврийн хэрэгслийг явуулахыг зөвшөөрсөн. Түүнээс бусад энгийн иргэн болон хуулийн этгээдийн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хориглосон.

Эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, хүнсний бараа түгээлтийн зэрэг хязгаарлалтад ороогүй байгууллагад ажилладаг иргэд ажлын үнэмлэхээ биедээ заавал авч явах шаардлагатай. Цагдаагийн алба хаагч зогсоосон тохиолдол биедээ байгаа бичиг баримтаа үзүүлж дараагийн цэг рүү нэвтэрнэ.

Одоо хөдөлгөөнд оролцож буй иргэдийг зогсоож шалгахад урьд шөнө ажиллаад ээлжээсээ бууж буй эмнэлгийн ажилтан зэрэг байна. Гэхдээ зарим иргэн ямар нэг зорилгогүйгээр айлд очих гэсэн эсвэл халтууранд явах байдлаар эрсдэлтэй алхам хийж байна.

Одоогоор дүүрэг бүрд замын хөдөлгөөнийг бүсчлэн хаасан байна. Улаанбаатар хотын хэмжээнд 600 орчим уулзварыг бид бүрэн хяналтдаа аван хөдөлгөөнийг хязгаарласан. Түүнээс гадна Улаанбаатар болон Дундговиос бусад аймгууд орох, гарах хөдөлгөөнөө бүрэн хязгаарласан. Энэ нь орон нутгийн замын хөдөлгөөн ч бүрэн хязгаарлагдсан гэсэн үг юм.

Тиймээс орон нутгийн иргэд гэрээсээ гарахгүй байж, өөрсдийн аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна" гэсэн мэдээлэл өглөө.

ВИДЕО:

https://www.facebook.com/policemng/videos/1604496513089817

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.