Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Америкчууд тэрбумтан ерөнхийлөгчөө саятан ерөнхийлөгчөөр солих гэж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль төгсгөлийн шатандаа орж, Ардчилсан Намын нэр дэвшигч Жо Байден ялах нь бараг тодорхой болоод байна.

Холбооны засаглалын бүтэцтэй АНУ-д 50 муж тус бүртээ санал хураалтыг зохион байгуулж, тус тусын аргаар дүнгээ гаргадаг. Мужуудын дүнг нэгтгэдэг албан ёсны байгууллага байдаггүй. Тиймээс гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөр өөрийн аргаар ерөнхий дүнг нэгтгэж, ялгаатай тоо баримт мэдээлдэг байна.

Аль ч эх сурвалжийн аргаар тооцсон Жо Байден цуглуулах ёстой 270 төлөөлөгчийн саналаа хангалттай авахаар болжээ. Үр дүн хүлээгдэж буй зургаан мужаас хамгийн олон буюу 20 төлөөлөгчийн саналтай Пенсильвани мужид Байден, Трамп нарын сонгогчдоос авсан саналын харьцаа 49.5 : 49.2 хувь болж, Байден 17,000 орчим санал илүү аваад байна. Энэ мужийн нийт саналын хуудасны 96 хувь нь тоологдоод байгаа.

Пенсильвани мужид ялбал Байден бусад таван мужийн үр дүн ямар гарахаас үл хамааран АНУ-ын ерөнхийлөгч болох юм.

Ингэснээр америкчууд тэрбумтан ерөнхийлөгчөө саятан ерөнхийлөгчөөр солих гэж байна.

Амьдралынхаа ихэнх хугацаанд өөрийгөө “дундаж давхаргын Жо” гэж нэрлэж ирсэн Байден 2016 онд дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас бууснаасаа хойш л саятанд тооцогдох болсон гэдэг. Үүнээс өмнө түүний орлогын гол эх үүсвэр сенаторын болон дэд ерөнхийлөгчийн цалин байжээ. Сенатораар ажилласан сүүлийн жилийн цалингийн хэмжээ нь жилд $169,000 байсан бол  дэд ерөнхийлөгчийн цалингийн хэмжээ үүнээс 30 хувь өндөр юм байна.

2016 оноос хойших хугацаанд тэр гэргийн хамт бичсэн номноосоо болон урилгаар илтгэл тавьж орлого олсон нь нийтдээ $9 сая хүрсэн гэж Форбс сэтгүүл саяхан тооцоолсон байна. Байден “Promises to Keep”, “Promise me, Dad” гэсэн хоёр ном бичжээ.

Ингээд Жо Байдены амьдралыг товч танилцуулж байна.

  • 1942 оны арваннэгдүгээр сарын 20-нд Пенсильвани мужийн Скрэнтон хотод мэндэлсэн Байден арван настайдаа гэр бүлийн хамт Делавар мужийн Уилмингтон хот руу нүүснээр өнөөдрийг хүртэл энэ хотод амьдарч байгаа юм. Тэрбээр багадаа ээрүү хүүхэд байсан ба толины өмнө олон цаг дасгал хийсний эцэст оюутан болохоосоо өмнө хэвийн хэл яриатай болж байжээ.
  • Эцэг эх нь ирланд цагаачид тул тэр Ромын католик шашинтай. Хэрвээ ерөнхийлөгчөөр сонгогдвол тэр АНУ-ын түүхэнд Жон Кеннедигийн дараа хоёр дахь католик ерөнхийлөгч болох ажээ.
  • Жо Байден 1972 онд 29 настайдаа анх АНУ-ын сенатын гишүүн болж, дэд ерөнхийлөгч болох хүртлээ буюу 2008 он хүртэл 36 жилийн турш Делавар мужийн сенатораар ажиллажээ. Тэрбээр АНУ-ын түүхэнд хамгийн залуудаа сенатор болсон тав дахь хүн юм.
  • 2008-2016 онуудад Байден ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаанд дэд ерөнхийлөгчөөр ажилласан байна.
  • 1988, 2008 онуудад тэр хоёр удаа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвших сунгаанд оролцож байжээ. Гурав дахь удаагийн оролдлогынхоо үр дүнд тэр АНУ-ын ерөнхийлөгч болох гэж байна.
  • Хэрвээ ерөнхийлөгчөөр сонгогдвол Байден ирэх оны нэгдүгээр сард тангараг өргөх ба тэр үед 78 настай байх юм. Ингэснээр тэр АНУ-ын түүхэнд хамгийн өндөр настайдаа ерөнхийлөгч болсон хүн болно.
  • Байдены амьдралд эмгэнэлт явдлууд тохиолдож байсан. 1972 онд сенатын гишүүнээр сонгогдсоныхоо дараахан тэр анхны эхнэр Нэйлиа, хоёр том хүү, 13 сартай бага охин Наомигийн хамт автын осолд орж, эхнэр, охин хоёр нь нас барж байжээ. Хоёр хүү нь хүнд бэртсэн ч сүүлд бүрэн эдгэрсэн байна. Байден сенатын гишүүний тангаргаа хэвтэрт байсан хүүгийнхээ орны дэргэд өргөж байсан гэдэг.
  • 2015 онд түүний ууган хүү Бо Байден тархины хорт хавдрын улмаас 46 насандаа таалал төгсөж байжээ. Энэ явдлын улмаас Байден 2016 оны сонгуульд нэрээ дэвшүүлээгүй гэдэг.
  • Байден 1977 онд англи хэлний багш Жилл Жэкобстой гэрлэж, 1981 онд охин Эшли нь төржээ.
  • Автын ослын дараа Байден машинаар зорчихоо больж, 30 гаруй жилийн турш Уилмингтон хот дахь гэрээсээ өдөр бүр нийслэл Вашингтон руу галт тэргээр ажилдаа явдаг болжээ. Тэр галт тэрэгний ажилчидтай “нэг гэр бүл” мэт ойр дотно танилууд болж, нэг удаа тэднийг гэртээ урьж, шарсан махаар дайлж байсан гэдэг.
  • Эцэг эхийнх нь амьдралд архи гай болж байсан түүхтэй тул согтууруулах ундаа огт амсдаггүйгээ Байден ярьж байжээ. Харин тэр зайрмагт дуртайг олон хүн мэддэг. 2016 онд болсон нэгэн арга хэмжээний үеэр ярихдаа Байден “Би уудаггүй. Тамхи татдаггүй. Харин маш их зайрмаг иддэг хүн” гэж хэлж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider