Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Халтиргаа, гулгаанаас сэргийлэх 3,227 тонн давс, 4,175 тонн бодис нөөцөлжээ

ikon.mn
2020 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр /2020.11.06/ боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангасан  талаар  Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн  хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүдийн хэмжээнд нийт 1356 арга хэмжээг төлөвлөж ажилласан байна. Төлөвлөгөөт ажлын гүйцэтгэл 99.2 хувийн биелэлттэй байгааг хотын  Ерөнхий менежер хэлэв. Улмаар цахилгаан  дулаан хангамж, усан хангамж,ариутгал, үерийн далан хангамж болон автозамын чиглэлд хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тэрбээр өглөө.

Тодруулбал, нийслэлийн есөн дүүргийн Тохижилт үйлчилгээний компаниудын давс, бодисын үлдэгдэл нөөц бүрдүүлэлт өнгөрсөн долдугаар сарын байдлаар нийт 813 тонн давс, 443 тонн бодис байсныг нэмэгдүүлж, аравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт 3,227 тонн давс, 4,175 тонн  бодис нөөцлөөд байна.

Өнгөрсөн өвөл нийслэлийн хэмжээнд зам, замын байгууламжид  халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 1,976 тонн давс, 3996.5 тонн бодис хэрэглэж байжээ.

Харин дүүргүүдийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 98 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Мөн энэ хүрээнд Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг  эрчимжүүлж,  нам даралтын халаалтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглон, цахилгаан халаалтад хамруулж, гэр хорооллын зарим хэсгийг төвлөрсөн дулаанд холбосон байна.

Түүнчлэн сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгүүдийг нэмэгдүүлж, нөөц бүрдүүлэх ажлыг гурван сарын турш зохион байгуулжээ. Энэ онд сайжруулсан түлшний 484 борлуулалын цэг, 30 хангамжийн бааз ажиллах бөгөөд дундын 35 баазад нийт 95 мянган тонн түлш нөөцлөөд байна.

Энэ жил 20 мянган тонн мах нөөцөлнө

Нийслэлийн хүн амын махны хангамж, үнийг тогтвортой байлгах ажлын хүрээнд 2021-2021 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан мал, мах бэлтгэж буй. Улмаар 20 мянган тонноос багагүй махны нөөц бүрдүүлэх ажлыг өнгөрсөн долдугаар сарын 28-ны өдрөөс эхлүүлсэн байна. Энэ хүрээнд 18 аж ахуйн нэгжээр  мах бэлтгүүлэх шийдвэр гарчээ. Тэрбээр “Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан дотоодын нөөцөд нэмэлтээр 7,000 тонн мах бэлтгэн нийлүүлэх сонгон шалгаруулалтыг аравдугаар сарын 26-ны өдрөөс энэ сарын 4-ний өдрийг хүртэлх хугацаанд зарласан. Цаашид махны хангамж, нөөцлөлтийн ажлыг  үе шаттай хэрэгжүүлнэ” хэмээлээ.

Өнгөрсөн онд махны хангамж, хэрэгцээнд зориулан 16 мянган тонн мах бэлтгэж, нийт 11 мянган тонн махыг гэрээт 413 хүнсний дэлгүүрээр худалдан борлуулсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол болон нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахыг  холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн сайжрлуусан түлшний борлуулалт, нөөцлөлт иргэдийн аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт даалгасан юм.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс