Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Бага насны хүүхдийг гэртээ хараа хяналтгүй үлдээхгүй байхыг анхааруулъя"

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн хоногийн хугацаанд нийслэлийн Түргэн тусламжийн төв нь нийт таван өрхийн 11 хүнд угаарын хийн хордлого тайлах эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Мөн хоёр өрхийн таван хүнд дуудлагаар үйлчилж, хоёр хүүхэд, нэг насанд хүрэгчид зөвлөгөө өгч ажиллажээ. Одоогоор угаарын хийн хордлогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй байна.

Түүхий нүүрсийг хориглох тухай Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран хяналт шалгалтыг төвийн зургаан дүүрэгт эхэлсэн. Зарим нийтлэг томоохон зөрчлүүд илэрч байна. Тухайлбал, цахилгаан дамжуулах утасны аюулгүй байдал алдагдсан, яндангийн залгаа буруу хийсэн, үнс нурмаа ил задгай асгадаг зэрэг зөрчил илэрлээ.

Мөн угаар мэдрэгчээ зөв ашиглахгүй байна. Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тариф үнэгүй болсон. Эцэг, эхчүүдэд анхааруулж хэлэхэд бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь битгий үлдээгээрэй. Цахилгааны болон галын аюулгүй байдлаа онцгой анхаарах хэрэгтэй байна” гэв.

Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийн тоо хоёр дахин нэмэгдсэн

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал “10 дугаар сарын агаарын чанарын хэмжилтийн дүнг өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад PM10 тоосонцор 15 хувиар буурсан, бусад бохирдуулагч бодис стандартын хэмжээндээ байна.

Мөн 2020 оны 10 дугаар сарын 26-наас 11 дүгээр сарын 1-ний хооронд агаарын чанарын долоо хоногийн хэмжилтийн дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад PM10 тоосонцор 16 хувиар буурсан, PM2.5 тоосонцор 6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Энэ онд сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийн тоог хоёр дахин нэмсэн.

Мөн тээвэрлэлтийн үйл ажиллагаа нэмэгдсэн учраас иргэдэд хүрэх түлшний хүртээмж илүү сайжирна”.

Түүхий нүүрс Улаанбаатар хот руу нэвтрүүлсэн зөрчил илрээгүй

НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтэрсэн болон гарсан 7940 тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлээ. “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох баяжуулсан нүүрс 75 тээврийн хэрэгслээр 3112.2 тонныг Улаанбаатар хот руу нэвтрүүлсэн.

Мөн өнгөрсөн хугацаанд зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс нэвтрүүлсэн зөрчил илрээгүй. Тусгай зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй шахмал түлш түлдэг аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна. Есөн аж ахуйн нэгжээс зөрчил илэрсэн” гэсэн мэдээллийг өгсөн юм.