Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт баригдах зүрх судасны үндэсний төвийн зураг төслийг Испани болон Люксембургийн компани хийжээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ЭМЯ

 Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт 2030-д тусгасан зүрх судасны өвчний шалтгаант нас баралтыг 10,000 хүн амд 14 болгон бууруулах чиглэлд Засгийн газраас шат дараатай хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг нь өөрийн эх орондоо Зүрх судасны үндэсний төвийн барилгыг барихаар зураг төсөл хийх ажлыг олон улсын байгууллагатай хамтран амжилттай зохион байгуулжээ.

Люксембургийн Их Гүнт улсын буцалтгүй тусламжаар олон улсын тендерээр шалгарсан Испани улсын “ИДОМ” компани болон дотоодын ПиСиДиПи компани хамтран сүүлийн нэг жилийн хугацаанд “Зүрх судасны үндэсний төв”-ийн барилгын зураг төслийг хийж гүйцэтгэн хүлээлгэн өглөө.

Люксембургийн Их Гүнт улсын буцалтгүй тусламжаар хийгдсэн “Зүрх Судасны Үндэсний Төв”-ийн барилгын зураг төслийг хүлээн авах хурлыг 2020 оны 10 сарын 20-ны өдөр Эрүүл Мэндийн Яаманд зохион байгууллаа.

“Зүрх Судасны Үндэсний Төв”-ийн барилга нь 8 давхар /+зоорийн давхар/ газар хөдлөлийн 8 баллд тэсвэртэй. Барилгын нийт талбайн хэмжээ 15079 м², 427 өрөөтэй байхаар зураг төсөл хийгдсэн. Тус төв нь зүрхний мэс заслын 4 өрөө (1 гибрид мэс заслын өрөө), катетр лабораторийн өрөө 4 (1 электорфизиологийн өрөө), хэвтэн эмчлүүлэх 100 ортой байх ба зүрхний оношилгооны тасаг, зүрхний мэс заслын дараах сэргээн засах эмчилгээний тасагтай байхаар төлөвлөгджээ. Тус төвийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн хажууд барих юм байна.
Гэрэл зургийн эх сурвалж: ЭМЯ

Тус хуралд Эрүүл мэндийн Дэд сайд Ш.Анхмаа, Эрүүл мэндийн яам, Улсын гуравдугаар төв эмнэлэг болон зүрх судасны төвийн төлөөлөл оролцсон.

Эрүүл Мэндийн Дэд сайд хэлсэн үгэндээ зүрх судасны үндэсний төвийн барилга нь “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ба Засгийн газрын хуралдаанаар зайлшгүй хэрэгжүүлэх том төслүүдийн жагсаалтад орсон нь Эрүүл Мэндийн яам болон Засгийн газрын дэмжлэг өндөр байгааг харуулж буйг онцоллоо. 

 

 

Эх сурвалж: ЭМЯ